Дурсамж бүхэн дулаахан, зарим нь гунигтай
Би ахлах ангид байхдаа хэсэг зураг авах, бичлэг хийх, бичлэг эдитлэх ажилд донтох гэхүү, тэр талын зүйлсийг нэлээн сонирхдог болсон байсан. Тухайн үедээ гэр, хамаатан садныхаа дүрс бичлэгүүдийг янз бүрээр л авдаг байв. Овоо ч сан үүссэн байсан. Тэдгээрийн барагцаагаар 30-40% нь байна уу миний хуучин нөүтбүүк гэнэт эвдрээд, доторх файлууд нь гэмтсэнээс үүдэн алга болсон юм. Үлдсэн хувь нь одоо хүртэл хэрэглэж байгаа компьютер дээр хадгалагдсаар байгаа. Хааяа тэдгээрийг үзэхээр цаанаа л нэг гоё, дулаахан байдаг юм. Сүүлийн үед технологийн хөгжлийн нөлөөгөөр хүмүүс дүрс бичлэгээ тус бүрдээ авч хадгалсаар дундаа хуваалцах нь багассан юм шиг санагдах болсон. Яахав групп мруппт хийдэг байх л даа, гэвч шинэ дээр нь үзчихээд л мартдаг, эргэж олоход хүндрэлтэй, магадгүй хуваалцаагүй байснууд нь тэр чигтээ утастайгаа алга болдог ч юмуу ер нь ач холбогдол бага өгдөг болсон юм шиг санагддаг. Яагаад гэвэл өөр өчнөөн сатааруулах зүйлс ар араасаа үй түмээрээ гарч байна шүү дээ. За энэ ч яахав, тэгээд нэг бичлэг үзэж яваад дуучин Болдбаатарын "Зүүд эргэх нутаг" гэдэг дуу байсныг анзаарч, сая Youtube-ээс анх удаа бүтнээр нь сонсож үзлээ. Гоё юмаа. Яагаад ч юм, эмээ маань санаанд орлоо л доо. Ээжийн маань ээж тухайн үед амьд сэрүүн, цовоо сэргэлэн байдалтай хийсэн бичлэгт маань үлдэж. Би эмээтэйгээ айхтар дотно, ойр харилцаатай байгаагүй, угаасаа багаасаа дуу цөөтэй, эмээ, өвөө, ахаа, эгчээ гэдэггүй төрлийн хүүхэд байсан л даа. Тийм ч учраас бид хоёрын дунд үлдсэн дурсамж гээд байх зүйл бас байдаггүй. Тэрээр ажилсаг, хүүхдүүддээ сайн ханддаг, байгаа бүхнээ тарааж өгдөг төрлийн хүн байсан. Жавхлангийн зарим дуунуудыг сонсох үед эмээгийн дэлгүүрт зогсдог байсан үе бас санаанд ордог. Дэлгүүрийнх нь цаад өрөөнд, цонхны тавцан дээр байрлах хуучны улаан өнгөтэй Sharp кассет тоглуулагчтай хөгжимд эгшиглэх Жавхлангийн дуунууд сэтгэлд үлдсэн байна. Эмээгийн дүр төрх, дуу хоолой, үйл хөдлөл, ярианы хэв маяг, үнэр нь хүртэл сэтгэлд минь тодоос тод байсаар байна. Танд хэлдэггүй л байсан болохоос таныг дотроо хүндэлдэг, хайрладаг байсан шүү.
Ээжид маань ээждээ хэлж чадаагүй үг, хийж өгч чадаагүй зүйлс хэр их байдаг бол?
Comments
Post a Comment