Бичих гоё
Бичих гоё шүү. Би ер нь багаасаа л зохион бичлэг бичих дуртай, аливааг шууд сонсохоос илүүтэй эхлээд бичээд дараа нь унших, эсвэл ярих юмаа лекц, семинар дээр заавал урьдчилж бичиж байж дараа нь тэрнээсээ ярих гэдэг сонирхолтой байсан. Энэ нь дагаад аливааг сурах, мэдэх процессийг удаашруулдаг байх. За тэгээд олон ч блог нээж, хааж байсан даа, сүүлд үлдсэн нь л энэ.
Энд бичээгүй 4 жил орчим болжээ. Цаг хугацаа хурдан гэдгийг нээрэн өнгөрсөн хойно л тэнэг хүн шиг ухаарах юм. Миний амьдралд шинэ боломж, шинэ ажил, шинэ хобби, шинэ хүн гээд өчнөөн зүйл энэ хугацаанд бий болсон. Энэ бүхэндээ өдөр бүр талархахыг хичээдэг.
Блогтоо бичээгүй удсан болохоор цаашдаа дахин ойр ойрхон бичнэ гэхгүй ээ. Миний хувьд блогтоо ихэвчлэн хувийн зүйлээ бичдэг болохоор сүүлийн үед ер нь хувийн юмаа яах гэж ч ил бичиж тавиад байгаа юм, хүмүүст уншуулах гээд байгаа юмуу, өөр хүн унших болохоор дандаа гоё зүйл бичих ёстой ч юм шиг гээд жаахан сөрөг талаас нь бодох болсон.
Тэгээд оронд нь тэмдэглэлийн дэвтэртээ тэр бүх бодол, мэдрэмж, түүх, дурсамжуудаа бичие гэж бодох болсон. Хожим миний гэр бүл, миний хүүхдүүд л уншина шүү дээ. Тухайн үед аав минь, өвөө минь тэдэн жилийн өмнөх энэ өдөр ингэж бодож бичиж байж гээд л, эсвэл ийм үзэл бодолтой хүн байсан гээд л... Тэгэхгүй бол блог өөрөө бүх дэлхийд нээлттэй учраас би хувьдаа зарим зүйлээ бичихгүй байх, нуух гээд үнэнийг үнэнээр нь, байгаагаар нь буулгахад төвөгтэй болох талтай гэж бодож байгаа.
Иймд үүнээс хойш энэ блогтоо барагтаа л пост оруулахгүй болов уу. Гүүглийн энэ блог үйлчилгээ ч удахгүй хаагдах дээрээ тулах бизээ, хэрэглээ нь багассан тул, үгүй ч байж магад, мэдэхгүй.
Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх, өдрийн тэмдэглэл хөтлөх гэдэг нь миний хувьд шинэ туршлага. Өмнө нь тэмдэглэл хөтөлж байгаагүй болохоор дасал болгоно гэдэг хэцүү, гэхдээ блог бичихээс нээх хол зөрүүтэй зүйл биш учраас гайгүй байх болов уу гэж бодож байна :)

Comments
Post a Comment