Энгийн амьдралтай хүний тухай ном
Энэхүү бичвэрийг хамгийн анх Medium дахь ДУЛААХАН ХЭСЭГ блогт бичиж оруулсан болно.
Ер нь аливаа зүйлийн доз хэмжээ хэтрэх үед тухайн зүйл утга учраа алдаж эхэлдэг, ерөөсөө түүний үндсэн зорилго, хэрэглээ нь үгүйсгэгддэг. Жишээ нь хосын харилцаан дахь бие биеэ гэсэн сэтгэл хэтэрсэн тохиолдолд хардалт үүсдэг, багассан тохиолдолд хөрдөг. Эд зүйлсийн тухайд ч ялгаагүй, тэдгээрт хэт их ач холбогдол өгөх нь хүнийг материалист, нарциссист болгох аюултай, эсхүл хэт минималист болгох нягууртай.
Минималист амьдралын хэв маягийн талаар дийлэнх хүмүүс цөөн хэдэн жилийн өмнөөс л сонсож, судалсан болов уу. Саяхан даа, Мария Кондо, түүний бичсэн ном Монголд орчуулагдаж гараад л, bestseller болоод л, сонин сэтгүүл, вэбсайтуудаар л дүүрэн минимализм бичигдсэн. Уг нь түүхэн талаасаа аль 1950, 60-аад оны үеийн л мода юм билээ л дээ. Энэхүү урсгал чиглэлийг гаргаж ирсэн хүмүүс нь мэдээж өнөөх л “урлагийнхан” байж таарна.
Бодоод байх нь ээ, би өөрөө минимал талын хүн юм шиг байгаа юм. Японы Фүмио Сасаки зохиогчтой “Би энгийн амьдралыг сонгосон” буюу “Goodbye, things” номыг унших үед бараг л “тийм шүү дээ” хэмээн толгой дохисоор байгаад л таарсан.
Бидний тоож анзаардаггүй боловч нэгэнт дасал болсон амьдралын хэв маяг маань миний, таны өөдрөг, эрч хүчтэй, цог золбоотой, аз жаргалтай байх өдөр бүрийг бүдгэрүүлдэг юм биш байгаа?
Гэр орондоо сэтгэл хангалуун, тав тухтай байж чадахгүй, амралтын өдрөөр ч олигтой амарч чадахгүй байгаа нь магадгүй гэрт буй тоосонд дарагдсан олон тооны эд зүйлс, тэдгээрийг яаж цэвэрлэх вэ гэсэн сөрөг бодлоос үүдэлтэй юм биш байгаа?
Монгол ардын нэгэн зүйр цэцэн үг байдаг шүү дээ, “Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас” гэж. Гэрээ олигтой засаагүй байж юун тэр старт-ап, бизнес, тийм биз дээ? Баабар гуай ч нэгэнтээ “Озоны цоорхой ярихаасаа өмнө оймсны цоорхойгоо нөхчих” гэсэн байдаг.
Тэгэхээр гэрээ засах хамгийн хялбар арга бол минимализм юм.
Тогтмол хэрэглэдэг, гарын доорх эд зүйлсээ үлдээ, бусдыг нь зоригтойгоор шууд хая.
Магадгүй залхуу хүмүүст илүү тохиромжтой, тэдэнд зориулсан хэв маяг шиг санагдаж магадгүй. Гэхдээ хэрхэн хүлээн авах нь таны л хэрэг.
Цөөн тооны эд зүйл танд гэр орноо өдөр бүр цэвэр цэмцгэр байлгах эрх мэдэл, боломжийг олгоод зогсохгүй энд дурдаагүй бусад олон чухал зүйлд цаг гаргах эрх, эрх чөлөө, боломжийг олгоно.
Минималист болсноор та олон зүйлийн хойноос сэтгэл санаагаа зовоох шаардлагагүй болно + аз жаргалтай болно.
Мөн санхүүгийн хувьд ч хэмнэлттэй. ГАЙХАЛТАЙ!
За тэгээд миний бичсэн зүйл хангалтгүй бөгөөд минималист болох арга зам, зөвлөгөө хүсч байгаа бол эх номыг нь уншаарай хэмээн зөвлөх байна. Би өөрөө ойрд ном уншаагүй, бас номын сэтгэгдэл бичээгүй удсан болохоор гоё сайхан бичиж чадахгүй байна л даа.
Номын бичиглэлийн хувьд энгийн, ойлгомжтой, гэхдээ заавал унших шаардлагатай юу гэвэл бас үгүй, харин минимализмын талаар үнэхээр сонирхож байгаа хүн байвал уншихад илүүдэхгүй.
Хамгийн эхэнд дурдсан даа, аливаа зүйлийн доз хэмжээг хэтрүүлэх нь дэмий шүү гээд, энэ нь минимализмд ч нэгэн адил хамаарна. Өөрөөр хэлбэл, минимализмыг хэтрүүлэх тохиолдолд та бусдаас тусгаарлагдах магадлалтай гэх гэсэн юм.