2020 цомгоос саак
Ice Top-ийн Саак хэмээх дууг сонсдог байх үеэр дундуур нь "2020 цомгоос..." гээд л реклам явдаг байж билээ. Тухайн үед би хэдэн настай байсан юм, мэдэхгүй, 5, 6-р ангид л сурч байсан болов уу? Ямартай ч 2020 он гэхээр нэг л хол, жинхэнэ утгаараа алс холын ирээдүй шиг санагддаг байж билээ. Гэтэл тэрхүү он маань ингээд ирчих гэж, сонин юмаа, аймар ч юм шиг, өөрийгөө хөгширч байна гэж бодохоор, хэхэ.
Миний блогруу шагайдаг хүн байвал, би нь дажгүй байгаа шүү гэдгээ дуулгая даа. Хайртай хүнтэйгээ учирсан болохоор чөлөөт цагаа 2019 оны өмнөхөөс илүү үр бүтээлтэй өнгөрүүлээд ч байгаа юм шиг, хөөрхөн завгүй байдаг болсөөн. Үүнээс илүү жаргал гэж юу байх билээ дээ, тэгээд удахгүй гэр бүлийн амьдрал зохиогоод гэдэг шиг амьдралын нэг тийм өөр үе шатруу орох биз ээ.
Яг одоо би ажлынхаа өрөөнд сууж байна. Ажил, карьерийн хувьд нээх онц, гойд зүйлгүй ээ, урдахаа хийсэн шигээ л явж байна. Хувийн амьдралын хэв маягаа санхүү, эдийн засгийн талаас нь зүйрлэвэл "хоёр идэхгүй, хоосон хонохгүй" юм уу даа. Ийм байгаад байж болохгүй гэдгийг мэдрээд л байгаа. Өөрийн иймэрхүү болохгүй зүйлсийг энд ийнхүү бичиж байж тайвшрах гээд байх юмаа ер нь.
Өнөөдөр өдөржин шахуу үндсэн ажлаа хийхгүй, өөрийн эрх ашгийн үүднээс элдэв код, програмтай зууралдах шив. Түрүүхэн дуусгаж, овоо санаа амарлаа. Тэгэхээр үндсэн ажилруугаа одоо орох уу даа? Цаг одоо 21:10 болж байна, гялс нэг жижигхэн хуулийн зөвлөгөөний шинжтэй бичвэр бэлтгээд харья даа.