Үе солигдож байна


Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нэг эмээ маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ээж маань уйлагнаад л залгасан. Үйл явдлын өмнөхөн ах хүү зугаалсан шигээ, тэрүүхэн тэндээ аз жаргал цацруулаад явж байв. Ингээд бодохоор хорвоо ертөнцөд нэг нь уйлж байхад нөгөө нь инээж байдаг гэсэн үг санаанд бууж байна.

Ажил явдал тогтсон ёс заншлын дагуу, богино хугацаанд болоод өнгөрсөн. Миний хувьд анх удаа л ийм үйл ажиллагаанд оролцсон болохоор сонин, ер бусын мэдрэмж авснаас гадна танин мэдэхүйн талаасаа шинэлэг гэмээр үйл явдал байв. Хамгийн түрүүнд бодогдсон зүйл нь "Үе солигдож байна даа" юм. Ерөнхийд нь хэлбэл, аав, ээж маань энэ цаг үеэс өвөө, эмээгийн үе буюу ахмад, хөгшин хүмүүсийн ангилалд орчихож байгаа юм. Уг нь тэднийгээ дунд эргэм насанд нь хэвээр байлгаад баймаар байдаг 😓 Үүнийг дагаад би болон миний үеийн бусад нөхдүүд аав, ээжийн залуу байх үетэй зэрэгцээд ирж байгаа юм. Одоо би 27 настай гэвэл манай аав, ээж эмээгийн өдий насан дээр ирэх хүртэл ойролцоогоор 27 жил орчмын хугацаа байна гэсэн үг. Муу ёрлоод л, гутранги хандаж байгаа юм биш л дээ, зүгээр бодож үзэхэд тийм л байгаа биздээ? Гэтэл цаг хугацаа ямар хурдан билээ. Лав л миний хувьд сүүлийн 10 жил маш хурдан урсаад өнгөрсөн. Энэ хугацаанд их сургуульд суралцсан. Төгсөөд, ажлын талбарт 6 жилийг элээсэн байна.

Одоо яах уу?

Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө тэдэнтэй хамт байж, үлдсэн цаг хугацааг өмнөхөөс илүү утга учиртай, эерэг сайхан үйл явдал, дурсамжаар дүүрэн байлгахын төлөө ЗӨВ АЖИЛЛАЖ, ЗӨВ АМЬДРАХ хэрэгтэй юм болов уу? Бас 27 жил гэдэг ч богинохон биш л дээ, дээр би хэтэрхий богино мэтээр бичсэн байж магад. Тухайн хүн үнэхээр аз жаргалтай, сэтгэл хангалуун байж чадсан тохиолдолд түүний хувьд 1 жил, 1 сар, нэг 7 хоног ч богинохон биш.

Ингээд бичсэн чинь нэг киноны хэсэг санаанд орчихлоо.



Хүү 18 нас хүрээд, коллежид сурахаар гэрээсээ хол явах үеэр ээжид нь миний ийнхүү бичиж байгаа шиг сонин бодол төрнө. "Хүнтэй гэрлэсэн, хүүхэдтэй болсон, тэгээд салсан, чамайг ганцаараа өсгөсөн, мастер хамгаалсан, хүссэн ажилдаа орсон, эгчийг чинь коллежруу сургахаар явууллаа, одоо чамайг явуулж байна, дараагийн том үйл явдал юу байж болох уу? Магадгүй миний оршуулга болох байх" гээд. Энэ их хөөрхөн кино, үзээгүй хүмүүсийг цаг гаргаж үзээсэй гэж боддог.

Эмээгийн хувьд биднийг бага байх үеэс л харж, асардаг байлаа, бас тэрээр ажилсаг, нямбай хүн байсан.

Цаг хугацаа биднийг хүлээлгүй урсан өнгөрсөөр л... 💛

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна