Startup Academy 1.0 арга хэмжээнд оролцсон нь


Дээр арга хэмжээ гээд жаахан зохимжгүй байдлаар нэрлэчих шиг боллоо, уг нь боловсролын чанартай мэдлэг олгох сургалт, хөтөлбөр юм байгаан. Гэхдээ манайхан сүүлийн үед энэ бүхнийг Event гэдэг үгээр төлөөлүүлдэг болсон юм шиг.

Сургалтанд сууснаар гарааны бизнес эхлүүлэх гэж буй хүн хэрхэн хөдлөх ёстой вэ, хэрхэн бодож сэтгэвэл эрсдэл талаасаа аюулгүй байх вэ, бизнес загвараа хэрхэн тодорхойлж, боловсруулах вэ, багаар хэрхэн ажиллах болон бизнес санаагаа хэрхэн бусдад тайлбарлаж ойлгуулах, цаашлаад хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ гэдэг асуултуудад хариу тайлбар авах ажээ. Би ч гэсэн хариуг нь авах гээд л, бас тэгээд шинэ орчинд орох, шинэ танилуудтай болчих санаатай энэ гуравдугаар сарын элсэлтэд бүртгүүлэв.

За удирдах багш нь Пүүжээ, тэгээд бас Око #гэсэн. Око Ди өөрөө оролцох эсэх нь эргэлзээтэй, цаадах чинь 2 сард 1 удаа монголд ирдэг гэж өөрөө хэлсэн байдаг. Яагаад ийнхүү Око болон Пүүжээ нарыг энд онцлоод байна гэхээр энэ хоёр хүн чинь (мэдээж хажууд нь, ард нь цөөнгүй хүмүүс байдаг) Монголд старт-ап, enterpreneur, enterpreneurship гэдэг нэр томьёо, цаад мөн чанарыг нь залуучуудад ойлгуулж, таниулах чиглэлээр 2013, 2014 оноос хойш хүчин зүтгэж буй гол төлөөллүүд нь, тэр утгаараа бас олны танил юм л даа. Ийм хоёр хүнээр удирдуулсан, монголдоо старт-ап үүсгэн байгуулах чиглэлээр тууштай ажиллаж байгаа хүмүүсийн бэлтгэсэн сургалтанд сууна гэдэг чинь миний хувьд бараг нэр төрийн хэрэг юм уу даа. Ийнхүү 3 дугаар сарын эхний бямба гарагийн өглөө M Space хамтын оффисруу сэтгэл өөд зүглэлээ.

Манай анги 30 хүүхэдтэй, гэхдээ эхний өдөр 30 хүрэхгүй хүн л харагдсан. За тэгээд салбар бүрийн мэргэжлийн болон мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутан залуучууд цугласан байна. Энэ үед би хамтын оффис гэдэгт нь анх удаа л орж үзэв. Дундуураа ямар нэгэн хана, хаалт байхгүй, цэлийсэн том талбайтай газар байлаа. Зургийг нь аваагүй болохоор тайлбарлахад жаахан төвөгтэй юм, тайлбарлая гэхээр уран зохиол бичих гээд ч байгаа юм шиг санагдаад байхын.

Энд тус оффисын байнгын гишүүд өдөр тутмын ажлаа хийж буй дүр зураг харагдаж байна. Фэйсбүүкээс олов.

Пүүжээ багшаар удирдуулсан хичээл эхлэхийн өмнө бид хоорондоо танилцлаа. Чухам энэ үед л би өөрийгөө ёстой хүний нэр тогтоохдоо муу юм байна гэдгээ дахин мэдэрсэн. Би чамд хайртай кинон дээр гардаг шиг 2 хуваагдаж байгаад л, өөд өөдөөсөө харан, харилцан танилцав. Мэдээж хүн нэг бүртэй тийнхүү танилцана гэдэг амаргүй хэрэг. Гэхдээ л надад сайхан санагдлаа.

Багш маань эхлээд өөрийнхөө болон компанийхаа талаар танилцуулж гарав, би ч ерөнхийд нь гадарлах болохоор ойрхон сонсогдож байв. Ерөөсөө ямар ч юмыг аль болох амжилттай, зөв сайхан байлгахын тулд уг суурь нь өөрөө бат бэх байх хэрэгтэй гэдгийг бид бүхэн мэддэг. Тэгвэл дөнгөж шинээр үүсгэн байгуулагдаж буй старт-ап компаниудыг өсгөн бойжуулах, боловсруулах, хөгжүүлэх, зах зээлд амжилттай гарахад нөлөөлөх гол хүчин зүйлсийг бүхэлд нь гарааны бизнесийн эко систем/орчин хэмээн нэрлэдэг байна. Гол хүчин зүйлс гэдэгт ур чадвартай мэргэжилтнүүд, мэргэжилтнүүдээс гадна менторууд, хөрөнгө оруулагч нар, тэдгээрийн бөөгнөрөл, хамтын оффисууд, entrepreneurship-ийн сэтгэхүй болон энэ төрлийн соёл, хууль эрх зүйн таатай орчин гэх мэт хүчин зүйлс багтдаг байна. Энэхүү гарааны бизнесийн таатай орчны үлгэр жишээг бид АНУ, Израйль, Сингапур зэрэг улсуудаас хамгийн түрүүнд харах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, шинэлэг санааг байж болох хамгийн сайн хэлбэрээр амьдралд ажил хэрэг-бизнес болгоход дээрх улсууд хамгийн сайн орчин нөхцлийг бүрдүүлсэн байдаг ажээ.

Уг нь бол enterpreneur болон businessman аль аль нь бизнес эрхлэгч гэдэг утгаараа адил төстэй мэт санагдавч цаг үе даган хувьсаж буй хүмүүсийн сэтгэлгээ, технологийн хөгжлөөс шалтгаалан шал өөр утгуудыг илэрхийлдэг байна. Жишээ нь бизнесмэн уламжлалт гэж хэлж болохуйц байдаг л нэг төрлийн бизнес эрхэлдэг, шинэ зүйл сэдэх, түүнийг хэрэгжүүлэх тал дээр хайнга ханддаг, эрсдэл гаргахаас эмээдэг, ашиг орлогыг чухалчилдаг шинжтэй байдаг бол enterpreneur нь эсрэгээр өвөрмөц, шинэлэг санаагаар нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэх гэдэг, эрсдэл авахаас эмээдэггүй, тэр утгаараа ашгийг хамгийн түрүүнд тавьдаггүй зэрэг шинж чанараараа ялгагддаг байна. Ингээд бодохоор миний ч гэсэн дотроо хэрэгжүүлчих юмсан, хийчих юмсан хэмээн бодож явдаг бизнес санаа маань энтерпренюрлаг байгаад байгаа юм.

Энэ мэт нэлээн зүйл сонссоны эцэст бид хөдөлгөөнд орж эхэлсэн нь багаар ажиллах даалгавар авсан явдал. Нэг баг 3-4 гишүүнтэй байхаар залуучууд санамсаргүй байдлаар хуваагдлаа. Манай багт хуулийн оюутан, нарийн бичиг, солонгост ажил хийж байгаад ирсэн ах хүү байв. За тэгээд хөгжилтэй гэмээр аргаар 3 түлхүүр үг сугалж, тэрхүү үгэнд нийцэх хууль бус бизнесийн санаа гаргах шаардлагатай боллоо. Товчхондоо, манайхаас гарсан санаа нь бүтэн өнчин болон өнчин бус бага насны хүүхдийг эцэг эхийнх нь хүсэлтээр гадаадад гаргах буюу үрчлэхийг хүссэн хүмүүст зуучлах, худалдах тухай бизнес байлаа. Уг нь үрчлэлт бол хориглогдсон харилцаа биш л дээ, гэхдээ үүнийг ашиг хонжоо олох зорилгоор, шаардлагатай тохиолдолд зүй бус аргаар буюу хүн худалдаалах, хулгайлах арга замаар гүйцэлдүүлнэ гэснээрээ хууль бус болчихож байгаа юм. 5 минутад бодож олсон санаа юм байгаан, тиймээс мэдээж учир дутагдалтай, эхлээд гишүүн тус бүр бодоод, тус бүрийн саналаа хэлнэ, дараа нь дундаасаа нэг санааг сонгоод, хэрхэн танилцуулахаа бэлтгэнэ гэхээр 5 минут юу ч болдоггүй юм билээ. Дараагаар нь хүн тус бүр хэрэгжих боломжтой, магад өөрийн бодож явдаг 5 бизнес санаа бичих болов. Танхимд 150 хүртэл тооны санаа гарсан гэсэн үг. Тэднээс хэд нь уламжлалт, хэд нь энтерпренюрлаг санаа байсныг хэлж мэдэхгүй юм.

Мэдээж хэчнээн гайхалтай санаа байгаад чи ганцаараа байх тохиолдолд тэр хэзээ ч биежихгүй. Тиймээс баг гэдэг зүйл маш чухал. Багийг дараах төрлийн хүмүүсээр бүрдүүлбэл сайн байдаг гэнэ. Доор зургаар үзүүлэв.


Товчхондоо, нэг хэсэг нь хийдэг, нөгөө хэсэг нь түүнийг зарж чаддаг гэсэн 2 төрлийн хүмүүс байгаад байгаа юм. Багийн гишүүдийн үүрэг оролцоо, зохист зан байдал, хандлага зэрэг олон хүчин зүйл энд бас давхар яригдаж таарна, түүнийг нэг бүрчлэн тодорхойлох гэвэл миний өөрийн толгой эргэхийн дээр дуусахгүй их зүйл бичигдэх учраас залхуураад ингээд больё. Ерөнхийдөө нэг иймэрхүү үйл явдал өрнөлөө. Дараагийн хичээлийн сэдэв “Анхны загвар & Турших” буюу санаагаа ажил хэрэг болгох талаас нь туршиж үзэх юм шиг байгаа юм. Туршаад л үзье. Нээрэн чамд тэрхүү нэг энтерпренюрлаг гэх орчинг нь дараа үзүүлнээ. Хүмүүс чинь тэнд их л чөлөөтэй орчинд, цаг нараар өөрсдийгөө хязгаарлахгүйгээр ажилладаг юм байна штээ.

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна