Хөврөх Үүлс (Drifting Clouds)


Ийм нэртэй киног хоёр 7 хоногийн өмнө Dreamers Day кино өдөрлөгөөр үзсэн юм байна. 1996 онд хийгдсэн уран бүтээл аж. Үйл явдал мөн л 90-ээд онд үргэлжилнэ. Киноны чанар хэдий HD форматтай байсан ч гэлээ Финландын нийслэл болон айл гэрийн орчин 1984 киноноос ялгагдахааргүй ч юм шиг, нэг тийм гундуу, өнгө муутай харагдаад байсан. Магадгүй би Ла ла лэндтэй төстэй өөр нэгэн бүтээл болох тэртээ 60-ээд оны кино The umbrellas of Cherbourg-тэй харьцуулаад байж магадгүй, тэр кино ямартай ч мааш өнгөлөг гоё байдаг юм.

Кинонд нэгэн гэр бүлийн амьдралыг дүрсэлсэн байсан. Тодруулбал 30-40 орчим насны эхнэр, нөхөр хоёрын тухай. Тэд хүүхэдгүй аж, гэхдээ өмнө нь хүүхэдтэй байсан ба түүнийг ямар нэгэн шалтгаанаар алдсан бололтой. Хосууд ажилтай төрөлтэй, ёстой дундаж давхаргын л гэр бүл. Гэвч аль аль нь ажилгүй болсоноор элдэв бэрхшээл хойно хойноосоо гарч эхлэх ба хосууд тэвчээртэй зан гаргаж, тулгарсан бүхий л бэрхшээлийг даван гардаг. Үүнийг үзсэн хүн бүр л тийм эхнэр/нөхөртэй болохыг хүссэн биз. Яагаад гэвэл тэд хоёр биендээ маш их хайртайн дээр, харилцан биенээ хүндэтгэдэг, итгэдэг, "жаргасан ч, зовсон ч хамтдаа" уриатай хосууд юм.

Бас хүмүүсийн харилцан яриа, нэгнээ хүлээцтэй сонсож буй байдал нь их таалагдсан. Магадгүй өнөөгийн ийм завгүй, яаруу, түргэн шуурхай хэмнэл бүхий нийгмийн орчинд тийнхүү аашлах нь зохимжгүй байх авч хосууд ядаж л гэртээ хамт байхдаа тийм байвал ёстой нөгөө амьд харилцаа гэдэг нь үүсэх таатай суурь нөхцөл нь үүсэх болов уу.

Тайван, дөлгөөн, бас бага зэрэг хөгжилтэй уур амьсгалыг л мэдрэх шив дээ. Надад л лав таалагдсөөн, хэрэв та үзээгүй бол олж үзэхийг санал болгомоор байна.

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна