Энэ зуны сүүлчийн эморол


Яахав, жаахан худлаа гарчиг өгчихлөө, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хүчээр барьж хязгаарлах нь утгагүй зүйл шүү дээ, бас зун дуусчихсан, намар ирсэн байхад энэ зуны сүүлчийн /сүүлийн/ эморол гэж ирээд л... Ер нь эмо гэсэн үгийг хэн, хэзээнээс эмзэг, мэдрэмтгий, орхигдсон энэ тэр гэж тодорхойлсон юм бол? Миний бодлоор VTV телевизээр гарч байсан хэсэг оюутнуудын тухай монгол киноноос гарч ирсэн тодорхойлолт юм болов уу? Эсвэл emotional гэдэг үгийн товчлол ч байж мэдэх юм, энэ талаар судалж үзвэл хариулт нь олдох л байх, гэхдээ л илэрхийлэл нь адилхан юм байна.

Би яагаад эморсон бэ гэж үү? Хайр сэтгэл. Нэгэн эмэгтэй хүнд би татагдсан юм өө, түүнийгээ алдахгүйн тулд хайртай гэдгээ илэрхийлсэн. Гэвч оройтсон байж л дээ. Үнэндээ би түүнтэй насан туршдаа хамт амьдарч чадна гэсэн итгэлтэй байсан учраас хайртай гэдгээ илэрхийлсэн үү гэвэл бас үгүй. Магадгүй байж болно л доо, гэхдээ одоогийн нөхцөл байдалд 100% итгэлтэй байж чадахгүй. Надад түүний тухай мэддэг зүйлээс мэддэггүй нь хамаагүй их байсан. Мэдээж би тэрхүү харилцаагаа цааш үргэлжлүүлэхийг хүсч байсан, түүнтэй илүү дотно танилцахыг хүсч байсан. Гэвч бодит байдал бодож байснаас минь өөрөөр эргэсэн тул түүнийг алдахгүйн тулд би магадгүй цагаасаа эрт хайртай гэж хэлсэн. Ингээд харахаар муухай, амиа хичээсэн, нөгөө хүнээ хуурсан мэт санагдаж болох юм. Тийм бол би хүлээн зөвшөөрнөө, гэхдээ л тэгж бодохыг хүсэхгүй байна. Тэрээр надад хувь хүн талаасаа таалагдаж байсан учраас би 100% биш ч гэсэн их л итгэлтэйгээр хайртай, хоёулаа харилцаагаа үргэлжлүүлье хэмээн хагас жил орчим хугацаанд гуйсан байх, гэхдээ би гуйхдаа байсан бүхий л боломжоо ашигласан гэхгүй ээ, магадгүй илүү их хүчин чармайлт гаргасан бол түүний минь бодол өөрчлөгдөх байсан ч юм билүү, гэхдээ тэр их эмзэг болохоор хамаагүй элдэв үйлдэл хийхээс эмээж байлаа. Тэгээд тэрхүү харилцаа минь жил гаран сунжирсаар өнөөдөр нэг юм дуусч байх шиг байна. Түүнрүү бичиж байсан мессэжүүд, блог, зураг гээд эргээд харж болох бүгдийг нь устгачихсан.

Бүтэлгүйтэл хүнийг хурцалдаг, өөрийнхөө нөхцөл байдлыг эргэцүүлж бодоход хүргэдэг, шинэ шатанд аваачдаг гэх мэт үгс зөндөө л сонсож байлаа. Одоо бодоход надад өөрийнхөө ирээдүйн төлөө санаа тавихаас өөр нээх чухал зүйл үлдсэнгүй дээ, яахав миний аав, ээж, дүү гээд гэр бүлийнхэн маань тодорхой орон зайг эзэлнэ л дээ, гэхдээ л ерөнхийдөө өөрийнхөө хувийн амьдрал, хувь хүний хөгжилд илүү анхаарал хандуулж эхлэх цаг болсон юмдаг уу даа. Амьдрах орон гэр, унаа тэрэг, ажил төрөл нь байна, хайртай гэр бүл, цөөхөн ч гэсэн сайн найзууд минь эрүүл саруул, сайхан байна. Үүнээс илүү аз жаргал гэж юу байх вэ дээ, илүү сайхан ирээдүйн төлөө л хөдөлмөрлөх хэрэгтэй юм шиг санагдаж байна, тэгж байтал хайртай хүнтэйгээ учрах байлгүй хэмээн найдаж байна.

Ер нь л хүний амьдралд гэр бүл, найз нөхөд их чухал нөлөөтэй гэдэг нь ахин дахин батлагдаад байх шиг.

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна