Наадмын амралт
Наадмын амралт сайхан байлаа. Бас яасан ч хурдан өнгөрчихөв.
7 сарын 11-ний өглөө Дарханы зам дагуу ямар сайхан байв? Бороо хур орчихсон, бүрхэг, үүлэрхэг байсны дээр зүлэг ногоо нь сайхан ургачихсан, уулын бэлээр манан татчихсан, чийг үнэртсэн тасархай өглөө байлаа. Удалгүй тэрхүү манан өтгөрсөөр эргэн тойрон минь цав цагаан боллоо. Удалгүй ширүүн бороо асгарлаа, ёоё тасарчихсан.
Замын турш ийнхүү гайхаж биширсээр Дархан орлоо.
Тэнд мөн адил хуртай байлаа. Сэрүүвтэр өдөр байсан тул наадмын талбайгаар харьцангуй цөөн хүн байв, гэхдээ л хөдөлгөөнтэй байсныг дурдах хэрэгтэй.
Ёс юм болохоор Дархан хүнс гэсэн хаягтай асарт ороод, 2 хуушуур захиалав. Бас л мэдрэмжтэй загнасан байгаа юм шүү, учир нь үнэн хогийн хуушуур байсныг нуухгүй ээ.
Удалгүй стадион оров оо, хэдэн бөхчүүд барилдаад л байна, би ямар сонирхох биш, харин наадамчин олныг л жаал ажиглаж харах шив.
Нэг зүйлийг анзаарсан нь өнөө сайхан Дарханы царайлаг охид, хөвгүүд хаачсан бэ, бурхан минь? Наадмын талбай, стадион хавиар миний үеийн залуу хүмүүс маш цөөхөн харагдсан. Эсвэл хот, хөдөө явчихсан байсан юм болов уу? Дотроо гайхаад л өнгөрсөн дөө.
Үргэлжилсэн үгийн зохиол шиг урт юм бичих гээд ядаад байгаа юм шиг санагдчихлаа, залхуу хүрэв. Цааш үргэлжлүүлбэл айл хэссэн, зугаалсан болоод явчихна.
Бодоод байх нь ээ, манай хэдэн гэр бүл амралт зугаалга гэхээр л Дарханы Хараа гол, Шарын гол, Зулзагын гол хавиар явчих юм. Тэгээд бодлоо, ер нь яагаад өөр газраар яваад, өөр аймаг, сум орж болохгүй гэж? Намайг бага байхаас л аав, ээжийн үеийнхэн бидний элдэв арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Ерөөсөө өөр хөтөлбөр, маршрутаар энэхүү хуучинсаг хэв маягийг эвдэх цаг болжээ.
Ой модон доор, голын дэргэд байгалийн үнэр, дуу чимээг мэдрэн, дээшээ хараад л хэвтээд баймаар байлаа. Хүмүүсийн дуу шуу их, бас хөгжилдөх ёстой болохоор ганцаараа байх цаг гаргаж чадсангүй. Гэхдээ 1 цаг орчим байна уу даа, ой модонд уншлага үйлдсэн юм байна.
Олуулаа явах тохиолдолд шахуу хувиараар, цомхон явах тохиолдолд аажуу тайвнаар явбал зүгээр юм шиг.
Дахиад ганцхан 7 хоног байсан бол гэхгүй юу. Болдогсон бол дахиад хэд хоног байгальд амармаар л байна.