Бороо орж байна


Борооноор хүмүүс нээх сайхан нам унтах, борцтой банштай цай хийж уух, эморохыг илүүд үздэг бол миний хувьд "Үгүй овоо доо, энэ муу хотын шороо тоос нь бага ч гэсэн дарагдаж байна, ой мод, өвс ургамал нь амь орж байна" хэмээн бодох гэдэг.

Ойрд харин их сайхан байна, өдөр нь нартай, шөнө нь бороотой, тансаг гэж жигтэйхэн. Магадгүй намрын улирал ирж буйн дохио байх л даа, маргааш улсын наадам эхэлнэ шүү дээ.

Чамайг би бодсон хэвээр байгаа ч урьдын адил найдлага тавихаа больсон. My Thoughtful One блогт дахин ямар нэгэн бичвэр бичих шалтгаан үгүй болсон. Магадгүй удахгүй болох төрсөн өдрөөр нь баярын мэнд хүргэсэн бичвэр оруулах хэрэгтэй байх.

Чиний тухай дурсахаар л бодолд автаад, гуниглачих гээд байх юм. Сая үргэлжлүүлээд юу бичих талаар нэлээн бодож суулаа л даа, ёстой л борооноор эморч байсан байх нь.

Миний хувьд одоо хангалттай, чамаас болж би өөрийгөө зовоохгүй гэж шийдсэн. Хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ ороогдоод бардам зан гаргахаас өөр аргагүй болсон мэт санагдсан чамаас би юу ч хүлээхгүй ээ. Зүгээр л чи надад хичнээн дургүй болсон байсан, хэсэгхэн зуур тэвчээд, миний өгөх хариуг сонсож болохгүй байсан юм уу, надтай харилцан ярилцаж болохгүй байсан юм уу? Чи миний үгийг сонсохгүй, надад өөрийгөө илэрхийлэх боломж ч олгохгүй, зөвхөн өөрийнхөөрөө л зүтгэсэн хэвээр байсан, урьдын л адил.

Найзын хувиар сүүлийн удаа зөвлөе, ийм муухай үйлдэл дахин хэн нэгэнд хэзээ ч битгий гаргаарай, энэ бол яах аргагүй харилцааны доголдол, магадгүй чиний сул тал, бүр магадгүй гээд чиний өнгөрсөн үеийн зарим түүхийг ч холбож болох. Өөрийгөө өмөөрөх хэрэггүй, чиний тухай надад төрсөн энэхүү сэтгэгдэл зөвхөн Долгионд бус өөр хүмүүст ч үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Мэдээж сэтгэлийн асуудал энд тусдаа яригдана. Чамайг намайг тоогоогүйн төлөө ийм юм бичиж байна гэж бодох хэрэггүй шүү, гаргасан хандлага, илэрхийлэлд чинь л дургүйцсэн ухаантай.

Чамайг би дотроо хэзээд хайрласан хэвээр байх болно, гэхдээ эргэж ирнэ гэсэн найдлага тавихаа больсон. Эргээд харахад нэг жил хурдан өнгөрсөн байна шүү.

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна