Бодрол 20180417


Бодох ер нь гоё шт. Гэхдээ математик, физик, химийн шинжлэх ухааны талаар биш л дээ. Би зүгээр л амьдралын талаар, өөрийнхөө талаар, эргэн тойронд минь өрнөж буй үйл явдлын талаар, бас өнгөрөн одсон цаг хугацаа, түүнтэй хамт оюун санаанд минь үлдсэн элдэв дурсамжийн талаар бодох, эргэцүүлэх дуртай.

Хэн нэгэнтэй цугтаа бодох тухайд уу? Хмм, энэ тохиолдолд жаахан харш байж болох юм. Яагаад гэвэл хэн нэгэнтэй ойрхон цуг байгаа тохиолдолд юм бодоод байхаас илүүтэй нөгөө хүнтэйгээ ямар нэгэн зүйл хоорондоо ярилцах ёстой юм шиг санагдаад байдаг юм. Ийм ч учраас дээрх нөхцөлд зөвхөн өөрийгөө бодоод, чимээгүйхэн дотроо бодлогоширох нь жаахан учир дутагдалтай. Гэхдээ нөгөө хүн маань хүсвэл хоёулаа зэрэгцэн сууж байгаад ч юм уу чимээгүй байх, юм бодох, харцаараа ойлголцох, эсвэл харилцан бие биенээ харахгүй ч гэсэн чимээгүйгээр бие биенээ мэдрэх, хамтдаа ямар нэгэн үйлдэл хийх нь таатай байна байх. Би гэхдээ тэгж үзээгүй юм шиг санагдаад байх юм. Бодох бүртээ хүнгүй, чимээ багатай орчинд, ганцаараа байдаг.

Намайг бүр бага байх үед ээж маань гал тогооныхоо өрөөнд цай уух үедээ юу ч юм бодоод л байдаг байсан. Одоо санахад, би түүний 2-3 удаагийн яг тийм үйлдлийг санаж байна. 2 нүд нь ханаруу эгц нэг цэгт тусчихсан, аягатай цайгаа бага багаар л уугаад сууж байдагсан. Тэр үед ээж минь залуу байсан, бас үзэх харах юм бага байсан цаг үе болохоор ч тэр юм болов уу, есөн бусын юм л боддог байсан биз, гэр бүлийнхээ талаар ч юм уу эсвэл өөрийнхөө талаар ч юм уу, мэдэхгүй.

Би яг одоо юуны талаар бодож байна гээч? Өөрийнхөө ирээдүйн талаар. Би ер нь зовох үедээ, бэрхшээл тохиолдох үед өнгөрснөө бодож харуусдаг, ирээдүйн талаар тэр бүр бодоод байдаггүй. Харин энгийн үед, эрч хүчтэй үедээ би өнгөрснөөс илүү ирээдүйгээ бодож, эргэцүүлдэг. Хийх ёстой зүйлийг бүгдийг нь хийгээд ард нь гарчихсан, аав, ээжийнхээ ачийг нь хариулж байгаа аятай тэднээрээ бахархуулсан, хайртай хүмүүстэйгээ нээх гоё тайван, дулаахан, аз жаргалтай нөхцөл, орчинд ярилцаад, инээлдэж байгаа дүр зургийг би дотроо төсөөлдөг.

Гэтэл бодит амьдрал ямар байна вэ гэж үү? Би болон гэр бүлийн минь амьдрал тусдаа болсон тул би тэдэнтэйгээ тэр бүр цугтаа байж, бид амьдралын хором мөчүүдээ хуваалцаж чадахгүй байгаа. Ийнхүү холдсон тул бидний ярилцах сэдвийн хүрээ ч багассан мэт. Бас амжилтанд хүрэхийн тулд, ирээдүйд гэр бүлээ авч явахын тулд би ажлаа сайн хийх хэрэгтэй, юм сурах хэрэгтэй тул энэ явцад стресстэх, нойргүйтэх, бэрхшээл тохиох, шантрах, сэтгэлээр унах зүйл бишгүйдээ л тохиолдоно. Үүнтэй зэрэгцээд бид өчнөөн олон сайн, муу гадны хүчин зүйлтэй мөргөлдөж байдгийг дурдах нь илүүц биз.

Хэдэн жил ч юм ингэж явсаар байгаад л ирээдүйн талаар бодолд минь байдаг шиг аз жаргал, нэг тийм уулын оргилд хүрэх юм шиг байгаа юм. Гэвч харамсалтай нь бүх зүйл хэзээ ч нэгэн дор, тийм амархан бүрэлдэхгүй болов уу, мэдээж боломжгүй зүйл биш л дээ, бидний хичээл зүтгэл, аз хиймороос давхар шалтгаалах байх, их ч хугацаа орно. Тэгэхээр аз жаргалыг нэгэн дор бөөнөөр нь цогцлоох, эдлэх тухай бодож, төсөөлөх нь өөрөө хэтэрхий хөнгөхөн, хуймгай аж.

Бурхан минь, тэгэхээр ерөөсөө л хослуулах хэрэгтэй юм байна. "Та хаа байгаа газраа, юу байгаагаараа, юу чадах бүхнээ хичээнгүйлэн хий" гэдэг шиг ажлаа ч хийгээд л, хажуугаар нь гэр бүл, найзууддаа заавал чөлөөт цаг гарган, тэднийг хайрлаад л байх хэрэгтэй юм байна.

Бас би сүүлийн үед хоёр биенийхээ жаргал, зовлонг хамтдаа хуваалцах заяаныхаа ханьтай учрах тухай бодох болсон. Олон жил ганцаараа яваад ирэхээр хүн өөрийн эрхгүй дэргэд минь байх хэн нэгнийг үгүйлдэг юм байна. Сайн сайхан үйл явдал тохиох бүрт хамгийн түрүүнд бие биедээ дуулгахыг хүсдэг, бэрхшээл тохиох үед бие биедээ зөвлөдөг, урам зориг өгдөг бол гоё биздээ? Ийм л хүмүүсийг заяаны хосууд гэдэг байх. Өөр тэгээд бодолд минь эргэлдэх зөндөө л юм байна. Дуртай ажлаа хийж байгаа учраас түүгээрээ мэргэших, тэр хэрээр амьдралаа хангалуун байлгах хэмжээний орлогын эх үүсвэртэй болох, олон улс орноор аялах, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрийг оруулах гэх мэт.

Ирээдүйн талаар бодлын минь зарим хэсэг, түүний үр дүнд хүрэхийн тулд гол нь би өөрөө зогсож л болохгүй гэж боддог. Өмнө дурдсан "Та хаа байгаа газраа, юу байгаагаараа, юу чадах бүхнээ хичээнгүйлэн хий" гэдэг үг шиг бид сайн сайханд хүрэхийн төлөө шударгаар, хичээнгүйлэн чармайхын дээр энэ үеэр боломжит хором мөч бүрийг хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлж, амьдралын сайн сайхныг мэдэрч байхаа мартаж болохгүй.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна