Жексон амьд шүү!
Саяхан болсон цагаан сарын баяраар өөрийнхөө насыг ямар их явсныг гайхаад, бүр хэсэг балмагдлаа, бурхан минь. Холын гэмээр хамаатан дээрээ очсон юм. Гэрт, гадаа тойрч гүйлдээд л, нусаа гоожуулчихсан тоглодог байсан жоожкон хүүхдүүд яасан ч том болцгоосон юм. Зарим нь их сургуулиа төгсчихсөн, зарим нь их сургуульд орчихсон гэсэндээ танихын аргагүй өөрчлөгдсөн байв. Эмэгтэй нь нүүр амаа жигтэйхэн будчихсан, эрэгтэй нь аая, хар пальто энэ тэр өмсчихсөн байх жишээний. Хүн ер нь гадна ертөнцөд юу болоод байгааг л анзаарахаас өөрийгөө тэр бүр анзаардаггүй юм шиг. Ийнхүү бодохдоо би гэрийн гадаа, хашааны дэргэд холын бараа ширтэн зогсож байсан юм. Удалгүй миний үеийн нэг хамаатан маань ойртон ирж, бид 2 зэрэгцээд зогслоо. Төрсөн бодлоо хуваалцлаа, өнгөрсний талаар жаал ярилцлаа, гэхдээ хангалттай хугацаа байгаагүй ээ, удалгүй "бууз ид хөөе" гээд л дуудсан.
Бид аливаа юмны мөн чанарыг авч үзэхээс илүүтэй зөвхөн гадна тал, өнгөн хэсгийг нь илээд л өнгөрчихдөг муу зуршилтай болчихжээ. Чин сэтгэлийн яриа өрнүүлэхэд наад зах нь таны, миний толгой ажиллах хэрэгтэй болно шүү дээ. Гэвч зайлшгүй бодож, эргэцүүлж байж гаргаж тавих зарим сэдвийн дагуух өөрийн үзэл бодлоо "наадах чинь сонирхолгүй", "уйтгартай сэдэв", эсвэл "мэдэхгүй" гэдэг айдсаасаа болоод ч юм уу энэ талаар бид тэр бүр ам нээх, дэлгэрэнгүй ярилцах дургүй. Оронд нь хөнгөн зугаа, бие биеэ явуулсан хошин яриа, өөрийгөө гайхуулсан, бусдад сайрхсан эсвэл шар мэдээний сэдвээр яриа өрнүүлэх дуртай. Энд ерөөсөө хүн хүнээ чин сэтгэлээсээ сонсоё, танин мэдэе, урам зориг өгөе эсвэл зовлонг нь бага ч атугай хуваалцая гэсэн зорилго байдаггүй нь харамсалтай. "Хаана байна, хаана ажиллаж байна, тэр сайн уу, юу байна, юу хийв" гээд л болоо. Энд би дотно хүмүүс хоорондын харилцаа холбооны талаар ярьж байгаа юм шүү, тэрнээс хүн бүртэй ийм яриа өрнүүлээд байвал нөгөө тал маань залхах байх л даа. Заримдаа товч бөгөөд тодорхой, эрс шулуун маркийн харилцаа гоё шүү дээ, ялангуяа ажил хэргийн харилцаанд.
Бичвэрийнхээ гарчгийг харсан чинь, сэдвээсээ хазайчихсан ч юм шиг болоод явчихлаа. Бидний дотор, гадна эрхтэн цаг хугацааны давтамжаар гуужиж, шинэчлэгдэж байдаг юм билээ, бас дарсыг удаан хадгалах тусам амт чанар нь сайжирдаг шиг миний "амьдрал" хэмээх аялалын дараагийн даваа ойртон ирсэн байх ба илүү их адал явдал, үнэ цэн агуулсан түүний зүг миний бие итгэл, зориг дүүрэн алхан ороход бэлэн болжээ. Өнгөрсөн хэсэг хугацаанд бишгүй л юм үзлээ, одоо илүү хариуцлага заах цаг ирсэн хэмээн үзсэнийх өөрийгөө шинэ түвшинд сорихоор шийдсэн хэрэг. Зарим хүмүүст хэлэхэд, Долгион амьд байгаа шүү, *а*арууд аа! /"Жексон амьд" киноны хэсгээс.../ Долгион өнөөдрөөсөө илүү сайжрах болно гэдгийг дуулгахад таатай байна.
Comments
Post a Comment