Хүний амьдралыг утга учиртай болгодог зүйл нь юу вэ?
Магадгүй энэ бол боддог, эргэцүүлдэг хүмүүсийн өмнө хамгийн их тавигддаг асуулт, хамгийн олон удаа судлагдсан сэдэв болов уу. Би дээрх асуултанд хариулахаас өмнө 2500 жилийн түүхтэй гэх философийн салбарыг үл тоосондоо санаа зовж байна. Яагаад гэвэл миний өгөх хариулт хэтэрхий хязгаарлагдмал түвшинд байх ч юм билүү.
Ямар ч гэсэн өөрт юу бодогдож байгаа талаараа бичье.
Үүнийг бичих болсон шалтгаан нь өнөөдөр нэгэн бяцхан өгүүллэг уншсанаас үүдэлтэй юм л даа. Залуу хосуудын уйтгартай амьдралын тухай байсан. Үүнтэй адил нөхцөл байдал зөвхөн гэр бүлийн хүрээнд бус найз нөхөд, бизнесийн хамтрагч, баг хамт олны дунд бий болж, эцэс сүүлдээ үл ойлголцол, хагаралаар төгсөх нь бий. Шалтгаан нь ердөө үл итгэлцэл л байдаг. Миний бодлоор, итгэлтэй харилцааг бий болгохын тулд тухайн харилцаанд оролцогч талууд тодорхой, нээлттэй байх хэрэгтэй, бас зорилготой байх хэрэгтэй, зорилгодоо үнэнч, түүнийхээ төлөө үйлддэг байх хэрэгтэй. Ерөөсөө асуултын хариулт нь энэ биш юм уу? Гэр бүл, хайр сэтгэл, нөхөрлөл, сүсэг бишрэл итгэлцэл дээр тогтдоггүй гэж үү? Итгэл үгүй бол та юунд ч санаа зоволгүй, аз жаргалтай байж, сэтгэл санааны амар амгаланг бүрдүүлж чадна гэж үү? “За нэг ийм ажил хийе, би тэр найзтайгаа хамтарна, тодорхой хугацааны дараа бид үр дүнд хүрнэ” эсвэл “бид 2 бие биедээ татагддаг, ирээдүйд гэрлэхийг хүсч байна” эсвэл “би гэр бүлдээ хайртай, тэд ч бас намайг хайрладаг, ийм учраас би хичээх ёстой” – эцсийн зорилгод хүрэхэд тань туслах, таныг хөдөлгөгч хүч бол зөвхөн "итгэл".
Зарим хүмүүс өөр олон хүчин зүйлсийг дурдах байх. Эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, аюулгүй орчин, хайр сэтгэл, дуу хөгжим гэх мэт. Гэхдээ л итгэл байхад та хэзээ нэгэн өдөр зорьсон газартаа, зорьсон үр дүндээ хүрнэ, мөн хүний амьдралын олон харилцаа зөвхөн итгэлцэл дээр л суурилдаг. Ингээд л болоо.
Энэхүү бяцхан бичвэрийг нэгэн уриалгатайгаар төгсгөх гэвэл, та хэн нэгний итгэлийг алдахгүй байхыг хичээгээрэй, тодруулбал, 2 буюу түүнээс олон талт харилцаанд аль болох тодорхой, нээлттэй байгаарай гэх байна.
Comments
Post a Comment