Энэ сард би юу хийж бүтээв? (2018.01)


Ажаад байх нь ээ, хүмүүс “миний тэдэн насандаа сурсан тэдэн зүйлс” гэж их бичдэг болсон байна. Би гэхдээ тэднийг дууриаж, бичихгүй ээ.

Зүгээр л шинэ он гарчихлаа, одоохон эхний нэг сар нь дуусах гэж байна (бурхан минь, үнэхээр яасан хурдан юм бэ?)

Ийм учраас энэ 28 өдөр Долгион юу сурсан, юу хийснээ өөрөө өөртөө дүгнэх зорилгоор, бас блогтоо бичвэр нэмэх зорилгоор энэ тухай бичихээр шийдлээ (уг нь шийдэж ядаад байх сүртэй асуудал биш л дээ).

Эерэг сайхан талаасаа том үсрэлт, сүртэй үйл явдал болоогүй ээ. Яахав, ажлын цаг, чөлөөт цаг гэхгүйгээр тэр бүрт аль болох өөрт хэрэгтэй зүйлсийг хийх, нэг ёсондоо завгүй байхыг урьтал болголоо. Тэр ч утгаараа миний хувьд өмнөх саруудаас арай илүү бүтээмж өндөртэй байсан болов уу гэж бодож байна.

Бас хүн зориглоод юм хийвэл үр дүн нь заавал ирдэг юм байна аа гэсэн үгийн биелэлийн “жижигрүүлсэн” хувилбартай таарсан. Таарсан учраас мэдээж өөртөө тухайн үед сэтгэл хангалуун байх мэдрэмжийг мэдэрсэн гэх үү дээ. Гэхдээ миний хүрэх зорилго үүнээс хэд дахин том, илүү учраас гол нь “уйгагүй, шантрахгүй байх, байнгын бэлтгэлтэй байх” зарчмыг удирдлага болгож, өөрөө өөртөө “за чи битгий мартчихаарай даа, чи тууштай биш шүү” хэмээн сануулж байхыг чухалчилж байна.

Манай баг, бяцхан хамт олон энэ сард багтаад оффисоо солихоор болсон байгаа. Шалтгаан нь өмнө нь бид өөр нэг компанитай хамтран заал түрээсэлдэг байсан ба нөгөө хэд маань өөр газарруу нүүхээр болсон юм. Үлдэж байгаа бидэнд том өрөө, бас хоосон зай талбайг илүү үнэ төлж түрээслэх нь ашиггүй, бас үйлчлүүлэгч багатай байсан тул өөр газар шилжиж орохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой юм тэмдэглэхэд, тухайн нэг хүний сэтгэлийн хаттай үгүйг нэг төрлийн асуудал тулгарахаар нь дүгнэж болдоггүй юм шиг. Найзтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ муудалцчихаад “ийм юм болж л байдаг, дараа нь эвлэрчихнэ” гэдэг өнцгөөс хардаг болоод ч тэр үү зарим хүмүүс ийм явдлыг нээх тоодоггүй, харин “хайртай залуу, бүсгүйтэйгээ” муудалцахаар хорвоо дэлхий хөмрөх гэж байгаа аятай санаж, хэдэн 7 хоног, сараар эморох нь бий. Надад ийм явдал тулгарсан ба тэрийг сүүл юм уу дунд хэсэгт бичнэ.

Хамт ажилладаг хүмүүсийн бодол санаа ямар тохиолдолд яаж өөрчлөгдөж байна, сэтгэлийн хат нь хэр чанга юм байна гэдгийг (хат гэж юу гэсэн ч үг юм) би ажсан. Ер нь чадвар муутай эсвэл өөртөө итгэлгүй хүмүүс бие дааж ажиллахаас илүү заавал бусдаар удирдуулах гэдэг, хийх ажлаа заалгах гэдэг юм байна. Бас ажил карьерийн хувьд ирээдүй нь тодорхойгүй мэт санагдах үед хүмүүс сэтгэлээр унаад л, өөр тийшээ орох, гарах тухай яриа гаргадаг юм билээ. Гэр бүлтэй, эхнэр, хүүхэдтэй хүмүүс ч нэг бодлын аргагүй байх л даа. Гэхдээ л нэгэнт зориглож ороод, эхлүүлсэн бол эцсийг нь хүртэл явах хэрэгтэй гэж боддог.

Гэрийнхэнтэйгээ тогтож, ямар нэг асуудлаар дэлгэрэнгүй сайхан ярилцсангүй. Тэгээд заримдаа ярих юм ч олдохгүй юм. Сайн уу, юу хийж байна, хоолоо хийсэн үү, сонин сайхан гэх мэт хэдхэн асуултаар бидний харилцаа хүрээлэгдчихсэн мэт. Гэхдээ миний муу аав, ээж хөөрхөөн. Та хоёрыгоо Мартаар очиж л баярлуулна гэж бодож байна. Цагаан сар ч дээ, хэлбэрийн төдий баяр ч юм шиг заримдаа санагддаг. Аав, ээж, хамаатнууд дээрээ байнга очдог над шиг хүнд бол сонин биш. Харин бүтэн жилийн турш уулзалддаггүй, холбоогүй байдаг холын гэмээр зарим хамаатнуудтай уулзалдах нь онцлог байж болох юм, гэхдээ тэд надад сонин биш ээ, би ч тэдэнд нээх сонин биш, ер нь тэдэнтэй уулзаж, золгох шаардлага байхгүй гэсэн ч болно. Гэвч Монголын минь ёс юмдаа, яая гэхэв.

Одоо хамгийн муухай нь. Миний хайртай бүсгүйн сэтгэл гэнэт л хувирчихсан. Ийм юм болчихсонд би итгэж чадахгүй л байгаа. Түүний сүүлд хэлсэн үгс надад итгэл үнэмшил төрүүлээгүй. Би итгэхийг хүсэхгүй байгаадаа биш, зүгээр л олон талаас нь бодож үзэхэд хүртэл түүнд надад худлаа хэлээд ч хамаагүй холдох шалтгаан байсан юм биш байгаа даа, эсвэл тэр шалтгааныг нь би өөрийн буруугаас гаргаад өгчихөв үү гэх мэт өөр олон бодол төрсөн. Эсвэл тэрээр надад бодит үнэнийг ч хэлсэн байж болох.

Ийм учраас би хэд хоног эморох нь тодорхой, гэхдээ тэгж ажил, амьдралынхаа хэмнэлийг алдагдуулахыг хүсэхгүй байна. Түүний сэтгэл санааг эргүүлэх оролдлого хийж, шаналгахыг ч хүсэхгүй байна.

Хэрвээ чи “уучлаарай, тоглож байсан юмаа” ч юм уу эсвэл өөр ямар нэг байдлаар эргээд хүрээд ирэх юм бол би баярлаад л, сэтгэлийг нь хүлээгээд авах болно гэдгийг санаарай. Хэзээг ч хүртэл юм, тодорхой хугацаанд би түүний зүг харах л байх, тэгээд л цаг хугацааны эрхэнд мартагдана.

Үүнтэй холбоотой бас нэг юм тэмдэглэхэд, олон удаа үерхсэн, зузаан туршлагатай хүмүүс байдаг шт, тэр хүмүүс яаж тэр олон харилцан адилгүй учрал, үйл явдал, түүх дурсамж, мэдрэмж, зүрх сэтгэлийн нандин холбоогоо мартаад, дараагийн хүнтэйгээ үерхээд байдаг байна вэ гэж бодогдсон. Бүр “Яаж вэ?” гээд тэр хүмүүсээс асуумаар санагдаад байна л даа. Ингэж бодохоор хүний зүрх сэтгэл, яасан уужуу юм бэ, яг л монголын үнэртэй салхи шиг, үнэхээр шүү. Хаанаас ч билээ бас уншиж байсан юм, ер нь ямар ч юманд хязгаар тавьж бай, хайрлахдаа хүртэл гэсэн байсан. Үгүй бол тэр хүн өөрийгөө алддаг юмдаг уу даа.

Миний хувьд өнөөдрөөр ийнхүү 01 сар дуусч байна. Маргаашийг эрч хүчтэй угтах болно. Ирэх сард юу хийх вэ гэж.
  • Өдөр бүрийн цаг бүрийг үр бүтээлтэй ажиллаж, өнгөрөөх
  • Мэргэжлийн блогоо идэвхийлэн хөтлөх
  • Цагаан сарын баярт оролцох
  • Мэргэжлийн бус 1 ном унших
  • Англи хэлээ давтах (өчигдөрхөн нэг хуульч миний орчуулаад тавьчихсан байсан видеоны дор "энэ орчуулга ч дээ" гэснээ, "бичих чадвар муутай хүн бичсэн байна" гэсэн шт) За ийм л хэдэн зорилготойгоор шинэ сараа угтая даа. Бусад нь тэгээд эдгээрийн үр дүн болоод санамсаргүй тохиолдлоор бий болох ажил хэрэг, үйл явдлууд байх биз дээ.
Хайртай шүү, уншсанд баярлалаа.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна