Монголчууд аа, жаахан тайвширъя
Монгол улс жижигхэн, дээр нь мэдээллийн технологийн хэрэглээ дажгүй өндөр тул хэрэв таны нэг эвгүй бөгөөд ер бусын үйлдэл сошиал сүлжээнд нийтлэгдсэн тохиолдолд түүнийг тань 21 аймаг, 1 нийслэл даяараа харж, шуугина гэсэн үг. Үүнд мэдээж давуу, сул талууд бий. Залхуу гэх юм уу иргэний зориггүй улсууд ихтэй бидэнд сошиал сайтууд ёстой л сайхан талбар. Эсэргүүцлээ бодитоор илэрхийлж, хүчин чармайлт гаргахаас илүүтэй дэлгэцний цаанаас элдэв муу үгс бичиж, хурууны үзүүрээр аливааг гүйцэлдүүлэхдээ дуртай, таатай ханддаг. Бас өнөөгийн энэ нийгмийнх нь байгаа байдал хүмүүсийг ийм болгов уу, их атаач болчихсон мэт. Нэг нь эд хөрөнгө худалдаж авснаа сошиал сүлжээгээр гайхуулаад л, нөгөө нь худлаа магтаад л, худлаа баярлаад л, дотроо атаархаж, бухимдаад л. Төрийн байгууллагуудын дээд албан тушаалтнууд нь авлига авсан, хөрөнгө завшсан нь илчлэгдээд л, нөгөө хэд нь тэдгээрийгээ муу хэлээд л, хараагаад л, залуучууд нь үлгэр дууриалал аваад л. Яг үнэндээ тэр хүмүүс өөрсдөө мөнгө авч байгаа хүний оронд байсан бол хийсэн үйлдлийг нь давтах магадлал маш их. Энэ бол яахав миний л бодол, ажиглалтын үр дүн нтр. Ер нь тэгээд хаа хаанаа амар хялбар аргаар хурдхан шиг л баяжчих санаатай улсууд их болсон юм шиг харагддаг. Бүр өөрийн эрхгүй, тайван амьдарч болохгүй болчихсон байна шт. Нэг мэдэх нь хажуу айлын Батаа шинэ гар утастай болчихож, зурагттай болчихож, машинтай болчихож – үгүй би одоо яагаад байна вэ, минийх хаана байна вэ гээд л зүрх түргэн2 цохилоод л, элдэв сайн, муу юм бодоод, шаналаад эхлэх жишээний.
Хамгийн сүүлд, сайд асан эрхэмийн охин элдэв мэдэгдэл хийсэн сурагтай. Хар тамхи хэрэглэсэн, хүчингийн хэргийн тухай. Хүмүүсийн реакцийг харав. “Бид нар 16-тайдаа ийм хүн байгаагүй” гээд юун нөгөө гол юмандаа анхаарал хандуулах вэ, хүчирхийллийг эсэргүүцэх вэ, өөрсдийгөө дөвийлгөсөн нөхдүүд. Зарим атаархуу гарууд нь аав, ээжийнх нь хийсэн үйлийн үр – үр хүүхдүүдэд нь хүрч эхлэж байгаа нь хэмээн бах таваа хангасан шинжтэй. Уг нь тэрхүү асуудал цагдаа, прокуророор шалгагдаад, одоо шүүхийн шатанд оччихсон тул бид шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч этгээдүүдэд л итгэж, тэдэнд хариуцуулаад үлдээмээр. Монгол улс бол дээрх гэмт үйлдэлүүдэд хуулийн хариуцлага тооцох бие даасан хуультай, тусгаар тогтносон, бүрэн эрхтэй улс шүү дээ. Гэвч харамсалтай нь өнөөх манай лаг хуулиуд эрх мэдэл, мөнгөний өмнө хүчгүйддэг нь үнэн. Шударга ёсыг сахин хамгаалагчид нь миний дээр дурдсан явцгүй сэтгэхүйгээр аливаад ханддаг байсан цагт бид тэдний гаргах шийдвэрээс олигтой үр дүнг олж харахгүй. Хонь, төлөг шиг хэсэг эргэлдэж, шуугиж байгаад л мартана. Гэхдээ найдлага бүр тасарчихсан, гүйцээ гэх гэсэнгүй. Сайн хүмүүс бий. Гэхдээ муугаасаа цөөн тоотой.
Соц нийгмийн үед, түүнээс өмнө Монгол хүн өөр байсан гэдэг. Менталити гэж тохиромжтой үг үү, үгүй юу, ухаандаа сэтгэлгээ нь арай өөр байсан гэдэг. Гэтэл тэр нь 21-р зуунд үгүй мөн муухай ихээр дордсон юм байх. Асуудлын гол нь эндээ л байгаа юм болов уу гэж боддог. Нийгмийг хөдөлгөх хүч нь хүн байдаг шиг, хүн бүрийн сэтгэхүй аль болох зөв чиглэл, хандлагатай байх юм бол өнөөдрийнх шиг муу нь сайн болчихсон, тэнэг нь ухаантай харагддаг болчихсон нийгэм өөрчлөгдөх нь гарцаагүй. Үүнд эцэг эхийн хүмүүжил, ёс суртахуун, боловсрол, нийгмийн бусад тусгалууд хамгийн чухал нөлөөтэй байх нь тодорхой. Ерөөсөө дор бүрнээ аль болох зөв хүн байх гэж хичээцгээе л дээ, зөв зарчмын дагуу ажиллаж, амьдаръя л даа, бусдад төвөг учруулдаггүй байя л даа. Ийм байх юм бол тамын тогооны гэлтэй муухай цикль өөрчлөгдөж эхлэх юм шүү дээ?
Энд би бодсон, ажигласан зүйлээ л буулгасан юм шүү, мөрөөдлийн жагсаалт гэдэг шиг шууд л биччихлээ, тэрнээс судалгаа, баримттай, эрдэм шинжилгээний ноцтой өгүүлэл огтоос биш болно. Бас сөрөг мэдээлэл бичсэнд уучлаарай.
+ Noyon IZ-ийн эвлүүлсэн хөөрхөн бичлэгийг хавсралтаар оруулав.
Comments
Post a Comment