Миллениалуудын эрин үе
Миний хувьд элдэв арга хэмжээнд нээх оролцоод байдаггүй учир ер нь нөхдүүд хаагуур, юу хийгээд яваад байгааг сонин, веб сайт, телевизээр харчихдаг юм. Ингээд харахаар бас хөөрхөн хөөрхөн хүүхдүүд байдаг. Ирээдүйд юм дуулгах нөхдүүд ер нь их байна. Гэхдээ би үүнд урлагийн салбарынхныг тооцоогүй болно. Учир нь тэдний хувьд сайн ч, муу ч хэвлэлээр байнга бичигдэж байдаг тул тоохгүй.
Сүүлд Тэгшээ хэмээх залуугийн ном гарсан сурагтай. Би уншаагүй л дээ, гэхдээ сонирхолтой бололтой, сэтгэл хөдөлгөм байдлаар бичигдсэн нийтлэл яваад байсан. Өчигдөр тэрхүү нийтлэлийг уншсанаас хойш нээрэн манай үеийнхэн юу билээ, би хаана нь байна хэмээн бодох болов.
Хуулийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, за заавал хүлээн зөвшөөрөгдсөн гэхээс илүү өөрийн мэргэжлийн ур чадвараар салбарынхаа хүмүүст эерэгээр танигдсан 90 оны нөхдүүд гэвэл байхгүй. Тэр бүү хэл, 60-80 оныхон дундаас байхгүй гэж хэлж болмоор. Гэхдээ миний үнэлэмжээр, миний хүндэтгэдэг цөөн хэдэн 90s залуус бий л дээ. Энэ магадгүй мэргэжил, салбарын онцлогтой холбоотой байх. Яагаад гэвэл хуульч, өмгөөлөгчдийн хийж буй ажил олны нүдэн дээр явагдаад байдаггүй, мөн хүмүүсийн анхаарал, сонирхолыг ч тэр бүр татаад байдаггүй. Бас манайхан хоорондоо өрсөлдөгчид учраас нэг нэгнийгээ сайн, шилдэг хэмээн заах сонирхолгүй байдаг. За яахав, заалаа гэхэд хэдэн хөгшин хуульч, багш нараа нэрлэх болов уу. Харин хэн нь сайн бэ, шилдэг нь вэ гэдгийг илэрхийлэх үнэлэмж, туршлага нь үйлчлүүлэгч хувь хүн, албан байгууллагуудын төлөөллийн амнаас ам дамжин явдаг байх. Дээрхтэй холбоотой асуултыг би хэн нэгэн энгийн иргэнээс асуувал, магадгүй өмгөөлөгч Батбаяр, Алтангэрэлийн нэрийг дурдах болов уу. Учир шалтгаан нь тэдний олны анхаарлыг татсан хэрэг дээр байнга ажилладаг, хэвлэлийн хурал хийж, зурагтаар гардагтай холбогдоно. Гэхдээ ийм гээд би бүгдийг нь муулах гээд ч юмуу, магтах гээд байгаа хэрэг ердөө биш шүү.
Мэдээж хэрэг, тус бүрийн мэргэшсэн салбартаа олон жил ажилласан, олон жил ажиллаагүй ч зохих мэдлэг, туршлагыг хангалттай хэмжээнд хуримтлуулсан, гадаад хэлтэй, гадаадын хувь хүн, хуулийн этгээдтэй чөлөөтэй хамтарч ажиллах хэмжээний залуу хуульчид манай улсад цөөнгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүн бүр харилцан адилгүй онцлогтой гэдэг ч би дээр дурдсан ур чадварыг эзэмшсэн нэгэн болохын төлөө үр ашигтай, ашиггүй, зөв ч юм шиг, тойруу ч юм шиг замаар урагшилж яваа нэгэн. Нэгэн зүйлийг итгэлтэй хэлэхэд, өвөл айсуй гэдэг шиг - миллениалуудын эрин үе айсуй.
Comments
Post a Comment