
Харилцаагүй удсан байна шүү. Миний хувьд яахав, өдөр тутмын хөөрхөн жижиг хэмжээний сорилттой тулгараад л, өнөөдрийг хүртэл амьдарсаар байна. Том сорилт хэзээ таарч, намайг барьц алдуулах юм байгаа юм, мэдэхгүй. Магадгүй цагаан сарын өмнө чамтай уулзах оролдлого хийх үеэр байх юм болов уу? Хэрхэн олж, уулзах юм бэ гэж үү? Толгойд одоогоор олигтой санаа орж ирээгүй байна өө, гэхдээ бодсон цөөн хэдэн “явуургүй” ч байж мэдэх сонголтууд бий. Цаг нь тулахаар тэгээд аль нэгийг нь сонгох биздээ. Би зүгээр л чамтай уулзаж, албан ёсоор танилцах гээд байгаа ухаантай. Хэдий ийм ч гэлээ, чамд хэцүү мэт санагдсан хэвээр байвал одоо яамаар ч юм. Надад ч бас айдас бий шүү дээ. Чухам би аймар зоригтой бөгөөд өөртөө итгэлтэй учраас ийм санал гаргаад л, гуйсан шинжтэй аашилж буй хэрэг биш, би чамтай уулзах тухай төсөөлөхөөр дотроо бас айж, сандардаг юм. Гэвч энэ тухай энд бичих хэрэггүй байсан байх л даа, гэвч үнэн юм үнэнээрээ л сайхан, юуг нь нуух билээ? Нээрэн, 10-аад хоногийн дараа өнөөх “Цөмөөхэй” гарч эхлэх юм билээ. Одоогоор түүнийг үзэх эсэхээ би шийдээгүй байна. Гэхдээ тухайн үеийн сэтгэл санаа давгүй байвал одиноороо ороод л үзчихэе гэж бодож байна. “Төгс сайхан хором мөч гэж байдаггүй, харин та өөрөө түүнийг төгс сайхан болго” билүү, иймэрхүү үг байдаг шт. Үүнтэй адил, магадгүй нэг нь нөгөө хүнийхээ ач холбогдол өгдөггүй зүйлд ач холбогдол өгсөн шалтгаанаар аливаа үйл явдал хойшлох нь зөв үү, буруу юу? Зөв хариултыг нь би хэлж мэдэхгүй байна, гэхдээ чиний өгөх хариултыг эхлээд сонсож үзмээр байна. Надад бас буруу байгаа. Чи харин үүнийг хүлээн зөвшөөрөх үү? Юу гэхээр, эрэгтэй хүний хувьд би зоригтой, санаачлагатай байх зэрэг үйлдлийг зөв цагт нь тааруулж, гүйцэтгэж чадаагүй учраас чамд сайхан сэтгэгдэл үлдээж чадаагүй. Эсвэл бүр эсрэгээрээ, би хий хоосон зүйл бодож, төсөөлөөд, энд ингээд өөрөө өөртэйгөө ярьсан бичвэр бичээд байж болно. Угтаа чамайг олоод унших болов уу гэсэн найдлага тавьсан хэрэг. Ер нь яагаад заавал цагаан сар вэ гэж үү? Мэдэхгүй, зүгээр л тэгж бодсон. Чамайг “хүн ойлгож болох” учир шалтгаангүйгээр гэнэт алга болчихоор нь тэрээр ямар нэгэн зүйлд анхаарал хандуулах гээд байгаа юм байна, мөн хугацаа хэрэгтэй гэж л бодсон. Магадгүй би урт хугацаа тавьсан бол чи бид хоёрын харилцаа энэ чигтээ тасрах аюултай. Хэрэв ийм зүйл болох юм бол, харамсалтай санагдана шүү дээ. Чамайг сайн сайхан байгаа гэж найдаж байна. Хуурамчаар санаа тавьсан мэт аашлаагүй шүү.
Comments
Post a Comment