127 цаг
Энэхүү бичвэрийг 3-4 жилийн өмнө бичиж байсан бололтой.
Хүн амьдралдаа сэтгэл хангалуун бус байхыг алийг тэр гэхэв. Жижигхэн зүйлээс л бид өөрсдөдөө болон орчин тойрондоо сөрөг энергийг үүсгэж, хамгийн багадаа тухайн өдөртөө стресс гэгч зүйлийг бий болгодог. Иймэрхүү нөхцөл байдлаас гарахад туслах олон арга зам бий. Хүн бүрт өөрт тохирсон арга гэж бий. Жишээ нь би гэхэд дуртай дуугаа дуулдаг, тэр дууныхаа клипэнд гол дүр бүтээж байна гэж дотроо төсөөлдөг, эсвэл гоё кино үздэг, тоглоом тоглодог, аз нь таарвал сайхан хүмүүстэй ярилцаж, сэтгэл санаагаа засдаг.
Өнөөдөр орой гэртээ ирээд өчигдөр татаад орхисон байсан нэг киног үзсэн юм л даа. 127 цаг гээд нэртэй, анх 2010 онд гарч байсан юм байна. Тэр үед би үзэж л байсан. Сэтгэлд хоногшсон зүйл нь гол дүрийн "улаан" футболктой залуу хавцал дунд гацаж, нэг гараа том чулуунд даруулчихаад сүүлд нь гараа тасдаж байгаа тухай :P Хамгийн муухай хэсгийг нь санаад байгаа биз? Бараг 2-3 жилийн дараа өнөөдөр ийнхүү дахин үзэхэд надад шал өөр сэтгэгдэл төрүүлж чадсан юм.
Үйл явдлыг нь яриад яахав, та нар ерөнхийд нь мэдэж л байгаа биз. Нээрэн Эйроний дүрд тоглосон залуу The Interview, Spider Man кинонд дүр бүтээсэн залуу байсан байна билээ шд. Бас охин дүүгийнх нь дүрд тоглосон эмэгтэй бас The Interview дээр гардаг тусгай ажилтан байсан. Нэрсийг нь мэдэхгүйгээс хойш бичээд яахав, хэх. Ер нь иймэрхүү "мини" гэх юмуу үйл явдалтай кино сонирхолтой санагдаж эхлээд байгаа. Удахгүй Buried үзнэ гэж төлөвлөж байгаа. Бас Эйрон гэх нөхөр чинь бодит дүр юм билээ, сая л мэдсэн гэж. Хөөрхий 2003 онд яг л ийм нөхцөл байдлаас амь гарч дээ. Тэгээд хүн л болсон юм хойно тэрхүү 5 хоногт олон зүйл бодож төсөөлж байсан байлгүй. Энэ бүхнийг найруулагч өөрийн сэтгэсэн уран сайхны аргаар үзэгчдэд дэлгэцийн бүтээлээр үнэхээр гоё гаргаж өгч чаджээ. Надад мэдрэгдсэн зүйл бол эцэг эхийн маань бидний дэргэд зүгээр байхад нь хүртэл мэдрэгддэг тэр их хайр халамж ямар давтагдашгүй бөгөөд бидэнд өдөр бүр тохиолддог энгийн зүйлс ямар их үнэ цэнтэй, бас дурсамжтай болохыг мэдрүүлсэн явдал байсан юм. Эйрон эднийг эргэж дурсаад, үнэ цэнийг нь мэдэрсэн учраас өөрийн амьдарсан богино хугацааны амьдралаа эргээд харахад харамсахааргүй байсан гэж гэр бүлийнхэндээ сануулаад, нэг ёсны гэрээслэлийн хэлбэртэй видео бичлэг хийдэг. Тиймээ, Эйрон бууж өгөөгүй. Тэр нэгэн азгүй өдөр тааралдсан чулуунаас болж ирээдүйд өөрийг нь хүлээж буй аз жаргал, үйл явдал, гэр бүлээсээ салахыг хүсээгүй учраас гараа тасддаг. Ээ бурхан минь, энэ хэсэг дээр би өөр дээрээ бараг өвдөлтийг төсөөллөөрөө мэдэрсэн байхаа. Тэр судас, тэр яс, ядаж байхад тэр дууных нь эффект гээд Эйроны зовлонг үзэгчдэд найруулагч мэдрүүлж өгөхийг хичээсэн байсан нь анзаарагдсан. Ингээд ирээдүйнхээ төлөө нэг бодоход том золиос гаргаж, нөгөө талаас их жижигхэн золиос гаргаад гайхамшигт амьдралруу эргэн орох мөч үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжийг надад өгсөн. Хаха, тэр хэдэн уулчин (хадруу тэмүүлэгч) замд нь тааралдаад, тэдний усыг ээлж дарааллан асгаж цутган уух мөч бас л гоё байсаан. Өлссөн, цангасан, ядарсан, өвдсөн ч гэлээ нүдээ аниад, ирээдүйгээ дотроо гэгээлгээр төсөөлөн нарны өөдөөс инээмсэглэх мөч бүүр гоё байсан, хэх.
Энэ бүтээлийг үзсэний дараа яагаад ч юм би өөрийгөө ямар жаргалтай байгаагаа тэрүүхэн тэндээ мэдрээд, баярласан гэж жигтэйхэн. Товчхондоо, ерөөсөө л хүний амьдралд олон проблем, саад учирдаг ба та түүнээс санаатай ч бай үгүй ч бай ухраад, өнгөрөөд явчихбал магадгүй цаана нь амьдралд тань дахиж олдохгүй ямар том зүйл байж болох тухай, түүний байгааг та мэдэх ч үгүй өнгөрч болох тухай юм болов уу л гэж ойлгосон. За тэгээд залуус минь сайхан амьдралын төлөө тэмцээд л байждээ.
Comments
Post a Comment