Дарганцар болох хүслэн
Энд тэндгүй баярхах гэсэн, эрх мэдэлтэй болж харагдах гэсэн дарганцарууд, хэлбэр хөөсөн банди нар. /Уучлаарай, уур хүрээд банди гээд хэлчихлээ, гэхдээ зөвхөн эрэгтэй хүнийг хэлээгүй болно/ Тэдний царай төрх, үйл хөдлөл, зан чанар, оюун санааных нь илрэлийг харахаас, бодохоос бүр ой гутаж байна, уур хүрч байна. Ядаж надтай ойр байгаа тиймэрхүү улсууд нь сайн дураараа холдоод, зайлаад өгөөсэй. Даанч ийм зүйлийг тэд мэдрэх нь байтугай, ойлгохыг ч хүсэхгүй л дээ. Тиймээс магадгүй би л зайгаа барих хэрэгтэй болох байх. Энэ муухай үзлийг өдөөж байгаа нэг хүчин зүйл нь сошиал медиа болчихоод байна уу даа. Гэхдээ сошиал медиа буруу зүйл үзүүлж байгаа учраас хаах, хязгаарлах ёстой гэсэн утгаар муу хэлээгүй, ямар ч тохиолдолд мэдээлэл орох, дамжих, гарах суваг нээлттэй, чөлөөтэй, хэн нэгний хяналтан дор бус байх ёстой. Үүнээс гадна өнөөх дарганцаруудын үлгэр дууриалал болсон том ах, эгч нар байна. Гадаадад ажиллаж, сурдаг, амьдардаг нэртэй зарим монголчуудыг ч энэ ангилалд багтаах хэрэгтэй. Ухамсар, соёлын хувьд тэд орчноо сольсон ч гэсэн өөрчлөгддөггүй бололтой. Энэ дэлхий дээр нийт хэдэн улс, үндэстэн байдаг юм, тэднийг хүн төрөлхтний ирээдүйн соёл иргэншилд үнэ цэнтэй байж чадах үгүйгээр нь жагсаавал манай үндэстэн адаг сүүлийн багцад орох нь баараггүй. Би өөрийгөө шилдэг нь гээд бусдыг муулахгүй. Надад ч гэсэн сул тал бий, миний сул тал бол боловсрол. Би эзэмшсэн мэргэжлээрээ мэргэшиж, олон улсад Монгол улсын төлөөлөл нэрээр бахархалтайгаар тэмдэглэгдэн үлдэхийг хүсдэг. Надад өөр хүсэл, шунал байхгүй. Дарганцарууд шиг дарга шиг аашилж, бусдыг дорд үзэж, загнаж, долоолгож таашаал авсан шигээ бусдын эд хөрөнгийг *аахгүй. Надад хаа очиж зөв хүмүүжил нь, боловсролынх нь суурь нь байна, иймдээ ч би дарганцаруудыг таньж, тэднийг ийнхүү жигшиж байгаа хэрэг. Дарганцар болох хүсэлтэнгүүдийг бүгдийг нь хараал идэг, тэднээс хол л байх минь, сэжгийн юмнууд.
Comments
Post a Comment