Итгэл тавьсан хөнгөхөн сэтгэл хөдлөл
Надад төрж буй энэхүү мэдрэмжийг юу гэж нэрлэхээ би сайн мэдэхгүй байна. Дэлгэрүүлбэл, би ингэчихлээ гэх сайхан мэдээг хэн нэгэнд дуулгахад нөгөө хүн маань баярлах ба тэрээр дотроо “чиний хувьд тэгвэл одоо ингээд, тэгчихвэл бүр гоё юм байна даа” хэмээн бодно. Тэгээд тэрхүү түрхэн зуурын өөрийн сэтгэлийн хөдлөлөөр үүсгэгдсэн хөнгөн бодлынхоо үр дүнг надаас хүчээр шаардах үйлдлээ ил болон далд хэлбэрээр гүйцэтгэнэ. Гүйцэтгэл дээр ажиллаж буй хүн маань муу хүн биш болохыг дээр анзаарсан байх. Тэр надад уг нь сайн сайхныг хүссэн. Ийнхүү хүсэхдээ миний цаашдын үйл хөдлөлөөр ***өөрийн сэтгэлийн хөдлөлөөр үүсгэгдсэн хөнгөн бодлынхоо үр дүнг*** гялс ч юм уу богино хугацаанд, ер нь хэзээ ч юм, ямартай ч олж харахыг хүснэ. Энэхүү хүслийнх нь илэрлийг би анзаарсан учраас ийнхүү бичиж буй хэрэг. Энэ нь надад үнэхээр төвөгтэй, дарамттай санагдаж байна. Би түүний хүслийг дагах гэж өдийг хүртэл амьдраагүй, амьдрах ч үгүй. Хэрэв зааварлахыг хүсвэл би зөв ч бай буруу ч бай заавал түүнээс зөрөх болно, яагаад гэвэл би дахин тэрхүү торон дотор орохыг хүсэхгүй. Эрх чөлөөт хүний амьдрал хэн нэгнээс хамааралтай байсаар төгсдөг бол хичнээн харамсалтай вэ. Мэдээж надад сайн хандаж байсны тань сэтгэлийг чадлаараа хариулах юмсан гэсэн бодол надад байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд би өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавих болно. Амиа бодсон үйлдэл хэмээн ойлгогдох байх. Ингэхдээ би бусдад хохирол учруулна, сэтгэлийг нь гомдооно гэсэн үг биш. Аль болох шударга, зөв замаар өөрийгөө авч явах болно л гэсэн үг. Хүсэхээр хясна гэсэн үг бий. Зүгээр л өмнө нь тэр асуудалд ямар ханддаг байсан тэрүүгээрээ л бай, битгий ач холбогдол өгч, миний урдуур орох гээд байлдаа, гуйж байна. Баярлалаа.
Comments
Post a Comment