Миний дуртай YouTube сувгууд
Ютүб сайттай анх интернэттэй танилцсан өдрөөс хойш л нөхөрлөж байна. Ер нь ахлах ангид байх үеэс л байнга интернэт кафе орж элдэв зүйл уншиж, дуу татаж, Hi5 нээж байлаа. Монголчуудын хэрэглэж буй интернэт урсгалын 40%-ийг Ютүб сайт эзэлдэг тухай мэдээллийг саяхан сонссон юм байна, арга ч үгүй биз, хүн бүр дуу хөгжим, элдэв сонирхолтой видеонд татагддаг учир энэхүү сайтруу хандах хандалт их байдаг биз, мөн видео гэдэг чинь өөрөө текст, аудио, зурган зэрэг файлуудыг бодвол хамаагүй их багтаамжтай файлууд шүү дээ. За ямартай ч, өөрийн дуртай Ютүб сувгуудыг энэ бичлэгээрээ танилцуулая гэж бодлоо. Хэрэг болох нэгэнд нь тус хүргэх байх. 2017/4/2-ны өдрийн байдлаар нийт 576 сувгийг миний бие subscribe хийсэн байна. Мэдээж тодорхой хэмжээнд ямар нэг байдлаар таалагдсан болоод л саб хийсэн байх. Гэхдээ энэ бүгдийг танилцуулахгүй ээ, өдөр бүр санаатай санамсаргүй ороод үзчихдэг "байнгын" хэрэглэдэг цөөн хэдийх нь л нэрийг дурсая.
Eagle News - Ийгл ТВ-ийн суваг. Мэдээллийн хөтөлбөр болон элдэв зочны ярилцлагууд миний бодлоор ихэнх нь тавигддаг. Үзэх дуртай нэг нэвтрүүлэг нь "Эх сурвалж". Эх сурвалжаар гол төлөв олон улсын харилцаа эсвэл гадаад улсад тодорхой нэгэн салбараар мэргэшин ажиллаж буй монгол хүн орж, сонирхолтой яриа өрнүүлдэг.
Fail Army - Хөнгөхөн инээд авахын хүсвэл энэхүү сувагруу ордог. Бүтэлгүйтэж буй хүмүүс өөрсдийн инээдтэй, эрсдэлтэй бичлэгүүдээ дэлхийн өнцөг булан бүрээс зөвхөн энэхүү сувагруу илгээдэг. Өдөр бүр шинэ бичлэгүүд.
InspireMongolia - Танд урам зориг өгөх элдэв бичлэгүүдийг монгол хэлрүү хөрвүүлэн танд хүргэдэг. Үйл ажиллагааны хувьд жаахан хууль бус мэт боловч яахав таалагддаг л юм. Энэ ангилалд багтах гадааданы Mateusz M, Be Inspired гээд гоё сувгууд мөн бий.
n00b3r - Би компьютер тоглоомонд уг нь сонирхолтой хүн, гэлээ гээд бас нээг их тоглоод байдаггүй л дээ. Энэ сувгаас к.тоглоомын ертөнцөд болж буй сүүлийн үеийн мэдээллийг сонсдог. Миний байнга тоглодог тоглоом гэвэл DEFCON, Realpolitiks 2 л байна даа, ер нь энэ 2-оос уйдчихсоон, нэгийг нь интернэтээр хүмүүстэй холбогдож тоглодог ч цаг их авдаг, нөгөөдхийг нь ганцаараа тоглох ёстой байдаг юм. Оюутны ангийн андууд маань бөөнөөрөө цугладаг юм бол Counter Strike тоглож дурсамжаа сэргээхийг л хүсч байна даа.
Ruptly - Оросын RT сувгийн "охин" суваг юм шиг байгаа юм. Гадаад мэдээний төрөлд хамаарах үйл явдлуудыг дэлхийн өнцөг булан бүрээс камераар бичиж, ямар ч тайлбаргүйгээр оруулдаг. Их дажгүй шүү. Манай монгол сувгуудын гадаад мэдээний ард гардаг видео бичлэгүүдийг нэг ёсондоо хийж, худалддаг.
StartupMongolia - Бүр анх Гарааны бизнес нэвтрүүлгийг хийдэг байх үед миний байнга орж шалгадаг суваг байсан. Одоо ч гэсэн хааяа орж шалгадаг юм. Тус байгууллагын нөхдүүд гэхдээ Фэйсбүүкрүү нүүж байгаа юм билээ. Танд хэрэгтэй байж магадгүй гэсэн үүднээс энд оруулав.
StudioC - Сүүлийн үед видео бичлэгүүдийг нь байнга үзэж байна. Хөнгөн, инээдэмтэй, богино бичлэгүүдийг хийж, оруулдаг суваг.
VICE - Энэ арай сериос мэдээлэл, баримт кино бэлтгэдэг гадаад суваг. Танин мэдэхүйн мэдээллүүд бас бий. Үүнтэй төстэй гэвэл Vox байна. Бас их хөөрхөн суваг шүү. Бонус: RealLifeLore, VSauce, Wendover байна.
Нүүдэл Шийдэл - Тус нэвтрүүлгийн Ютүб суваг. Аль болох дугаар бүрийг нь алгасалгүй үзэхийг зорьж байна. Нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа урт байдаг учир бас бүтэн үзэж чадахгүй тохиолдол бий.
За ерөнхийдөө ингээд л боллоо доо. Сонсох дуртай хамтлаг дуучдын албан ёсны сувгууд, кино трэйлэрийн суваг, видео тоглоомын бичлэг хийдэг залуусын суваг, prank бичлэг хийдэг залуусын суваг, ТВ-үүдийн сувгийг нэмж бичнэ гэвэл их цаг авах байх. Ерөнхийдөө дээрх жагсаалтанд багтсан сувгууд бол миний санаанаас гардаггүй, толгойд идэвхитэй байж байдаг сувгууд юм. Байнга орж шалгадаг л гэсэн үг. Эцэст нь өөрийнхөө Ютүб сувгийг энд оруулахгүй бол болохгүй байх, дотор нь нэг их юм байхгүй ч миний хяналтанд байдаг юм, үүнийг шалгаарай Dolgion Khurelchuluun. Одоогийн байдлаар 89 сабтай, 144К үзэлттэй байгаа юм байна. Хожим хобби хөдөлбөл бичлэг хийгээд оруулнаа.

Comments
Post a Comment