Найзын тухай бичвэр
Энэхүү бичвэрийг намайг 1 билүү 2-р курсэд байх үед ээж маань надад бичиж өгч байсан юм. Яг ямар шалтгааны улмаас бичүүлж байснаа бол санахгүй байна. Компьютерт байх файлуудаа үзэж байх явцад олов.
Харцаараа санааг минь ойлгодог, хагас үгээр сэтгэлийг минь таньдаг, бие тустай ч сэтгэл нэгтэй хүнийг би найзаа гэж боддог. Хүн ер нь уйтгарлан гуних үедээ мөрийг нь дэрлэх гэж, ухаан дутсан үедээ тусламж авах гэж, хэнд ч хэлээгүй нууцаа хэлэх л гэж хань нөхрөө сонгодог болов уу?
Миний бодлоор эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж болдгийг, эр хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч болдгийг түмэн үедээ сануулсан үйл явдал нь Тэмүүжин, Жамух хоёрын нөхөрлөл юм.
Өнөөгийн нийгэмд “нөхөд” гэдэг ойлголт “ноход” болж, “Зуун найзтай явснаас зуун зуун төгрөгтэй явах нь дээр” ч юм шиг санагдах үе заримдаа гардаг нь нууц бишээ.
Гэвч “Ганц цуцал гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” жам ёсоор “Дэм дэмэндээ дээс эрчиндээ”, “Олны хүч оломгүй далай” гэсэн өвгөдийн сургаалыг санан ажиллаж амьдрах нь зөв бөлгөө. Хазайхад түших сайхан найзтай байж, нөхдөөрөө бахархаж явах шиг сайхан зүйл энэ орчлонд үгүй.
“Хагацашгүй сайн нөхөртөө марташгүй муу үгийг бүү хэл” гэдэг. Найз нөхрийнхөө сэтгэлд муу үгээр сэв суулгавал эргүүлж хэзээ ч болшгүй сэтгэлийн шархтай болгоно.
Иймээс хүнтэй харьцахдаа сэтгэлд нь сэв суулгахгүйн тулд хэлэх үгээ байнга бодож байх шаардлагатай. Нөхрийн сэтгэлийг шархлуулсан, гомдоосон тэр үгийг юугаар ч ариусгаж болохгүйг сана! Хүнтэй дотносон танилцаж, ний нуугүй ярилцан, сэтгэл санааг нь ойлгож байж чухам хэн болохыг танин, мөн чанараар нь үнэлж дүгнэдэг.
Монголчуудын хүний мөсөөр сайн, муу хэмээн хэлэлцдэг нь хүний ханилгаа мөн чанарыг үнэлсэн үнэлгээ юм. Хүний сайн муу нь нөхөрлөлийн явцад үг яриа, үйл явдлаас нь мэдрэгддэг. Гэхдээ хүний мөсийг сайн нөхрийн нөмөр нөөлгөөр ариусган, сэтгэлийн бүлээн илчийг өвлөж, хүн чанар нь сайжрах тал амьдралд олонтоо тохиолддог. Академич Ц.Дамдинсүрэнгийн тайлбарласнаар “мөс” гэдэг үг нь “ус мөсний” мөснөөс огт өөр, нум сумны мөс гэсэн үгнээс үүссэн шилжсэн утга юм. Энэ талаасаа хүний мөс гэдэг нь сумны мөсийн адил шулуун шударга гэсэн утгыг агуулжээ.
Сайн найзыг үнэлж цэгнэх гол зүйлийн нэг нь үг ярианы соёл, үгийн үнэ цэнэ байдаг. Өөрөөр хэлбэл “Үнэхээр сайн үг мянган лан алтны үнэтэй” гэдэг нь нөхрөө баяртай үед нь урам өгөхөөр, ядарч зовсон үед нь зориг хүч өгөх, өвдсөн үед нь сэтгэлийг нь сэргээхээр үнэтэй нэг үг хэчнээн их хэрэгтэй болохыг илэрхийлжээ.
Хүмүүс минь өөр хоорондоо хөөр баяраар шүтэлцэн амьдарцгаая!
Урмыг нь бадраах ганц үг найз нөхөрт чинь сэтгэлийн их хүч тэнхээ өгдгийг үргэлж санаж явъя.
Найз нөхрийн тухай сургамжтай, өөдрөг үзэл, санаа бодлыг өөртөө төлөвшүүлж, хүнд итгэж, итгүүлж явахын жаргалыг эдлэн, муу муухай бүхнийг сэтгэлээсээ үлдэн хөөцгөөе!!!
Дэлхийг тогтоогч нь хүмүүс
Хүмүүсийг тогтоогч нь амьдрал
Амьдралыг тогтоогч нь эв нэгдэл
Эв нэгдлийг тогтоогч нь нөхөрлөл юм.
Comments
Post a Comment