Миний толгойд эргэлдэх бөөн бөөн бодлуудаас...
2016 оны 11 сарын 3, 21:47 минут. Цаг ч орой болж. Шөнө оройн цагаар хүн энгийн үед байхаасаа илүү романтик болж, бодол санаа нь илүү уран сайханч талруугаа хэлбийдэг тухай хаа нэгтээгээс сонсож байсан юм байна. Жишээ нь шүлэг бичдэг хүмүүст онгод нь ордог, хайр дурлалдаа шатаж яваа залууд эмэгтэйдээ өөрийгөө илэрхийлэх зориг ордог ч юмуу. Үүнтэй адилхан ойрын өдрүүдэд миний толгойд эргэлдсэн, би өөрөө эргэцүүлсэн, гайхсан, аргаа барсан гэмээр баргар бодлуудаа блогтоо буулгая хэмээн бодлоо.
Би ингэхэд юуны төлөө, яаж амьдраад байгаа юм бэ? Хөөе байзаарай, мэдээж хэн хүнгүй л чи сайхан амьдралын төлөө, өөрийнхөө сайн сайхны төлөө амьдарч байгаа бус уу хэмээн хариулахыг би мэдэж байна. Гэхдээ би хараал идсэн өөрт тохиолдоод буй гунигт явдлын талаар бичиж байгаа гэдгийг ойлгоорой. Би ч гэсэн өөрийн ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө амьдарч байгаа мэт боловч миний 7 хоногийн 5 өдөр, 5 өдөрт тус бүртээ дунджаар 10 цаг зарцуулж буй АЖИЛ надад хэр үр өгөөжөө өгч байна вэ? Би тэр ажилдаа хэр их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ зарцуулж байна вэ? Энэхүү асуултуудад арай дэлгэрүүлж хариулбал, АЖИЛ надад хамгийн эхлээд өөрийг нь гүйцэлдүүлсний төлөө цалин хангамж өгдөг, ажиллах хугацааны хэсэг зуурын хамт олныг бий болгодог, цөөн тохиолдолд сайн найзууд, сайн ах эгч нартай уулзуулж өгдөг, мэдээж ажлын өөрийнх нь онцлог зүйл болох тодорхой хэмжээний мэдлэг, туршлагыг надад өгдөг. Би болохоор ажилдаа ажлын 1 өдөрт л гэхэд – өөрийн зүгээс хамгийн их зүйлийг хийж бүтээж болох үнэ цэнтэй 10 цагаа зарцуулдаг. Яахав бага ч юм шиг сонсогдож болох юм. Тэгвэл үүнийг 1 жилээр тооцож үзвэл, 2016 оны хувьд 261 ажлын өдөр буюу нийт 2610 цагийг зориулсан/зориулахаар байх нь. Энэхүү 2610 цаг дотор хүний унтаж амрах, эцэг эх, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх үнэтэй мөчүүд, чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх олон сонголтыг бодитоор гүйцэлдүүлэх үйл ажиллагаанууд ер багтаагүй болно. Өөрөөр хэлбэл, дундаж хүний 1 жилийн хугацааны хамгийн эрчтэй, хүчтэй, бүтээмжтэй, зөвхөн өөрийн мөрөөдөл, хайртай зүйлдээ зарцуулж болох үнэ цэнтэй 2610 цаг! Жаахан онцгүйгээр хэлбэл ажлын цаг.
Гэтэл ажиллаад л байдаг ажиллаад л байдаг. Ажил нь барагддаггүй, дуусдаггүй, миний хөдөлмөрийн хөлсийг бодитоор үнэлдэггүй, урамшуулдаггүй, эндээс хамгийн гол нь би өөрөө хийж буй ажлаасаа залхсан, уйдсан, робот шиг ажиллаж өдөр хоногийг утга учиргүй өнгөрөөснийхөө төлөө ийнхүү эргэцүүлж эхэлсэн нь өөрөө миний асуудал болж ирэв. Яахав, хэтэрхий гутранги үзэлтэн мэт хэн нэгэнд санагдаж болох ч би гутрангидаа биш ээ, хийх ёстой зөв ажлаа хийхгүй, өөр дэмий мэт зүйлд дээр дурдсан өөрийн амьдралын үнэтэй цаг мөчөө зарцуулаад байгаа нь надад харамсал харуусал төрүүлээд буй хэрэг. Одоо яах уу? Ийм байна гээд би ажлаасаа гарах уу? Гэтэл ажлаасаа гараад хүссэн ажилдаа ороё гээд мэдээж шууд орчихож чадахгүй. Тиймээс өөрөө өөртөө ажлын байраа бий болгох уу? Тэгвэл хагас жил ч атугай өөрийгөө тэжээх хуримтлалтай билүү? Эсвэл өөр ажил хийж азаа үзээд, эцэст нь яг л ийм байдалтай дахин нүүр тулгараад, тэндээсээ гарах уу? Эсвэл энэ ажлын байранд хэзээ тушаал дэвших боломж бий болох нь уу, цалин нэмэх нь үү гэсэн юм шиг ямар ч урам зориггүй өдөр хоногийг өнгөрөөсөөр байх уу? Би бүр гайхаж гүйцлээ. Бидний амьдарч буй нийгмийн зохион байгуулалт тийм ч муу биш. Хүн үнэхээр хичээвэл амжилтанд хүрэх бүрэн боломж бий. Тэгвэл тэр амжилтын төлөө явахдаа хэр их золиосыг би өөрөөсөө гаргах ёстой болох бол? Үүнийг маань миний гэр бүлийнхэн ойлгох болов уу? Аль нэг замыг нь сонгох болоход өөрөөсөө асуух хамгийн эхний асуулт нь Цаг нь харин болсон уу болоогүй юу, арай буруу цагтаа хөдлөөд юу ч үгүй хоосон хоцрох юм биш биз?
Comments
Post a Comment