Харц тулгарах үеийн мэдрэмж


Иймэрхүү мэдрэмж надад хааяа хааяадаа төрөх юм. Заримдаа таатай, таагүй янз бүр, ер нь цаад хүн ямархуу байх нь таатай, таагүйд нөлөөлдөг. Харин цаад хүн намайг хараад өөрт нь таатай, таагүй санагддаг эсэх дээр би одоо энд нээг их санаагаа зовоомооргүй байна.

Хамгийн сүүлд тохиолдсон явдал.

Өнөөдөр би ажлаасаа эрт тараад гэртээ орохын өмнө ойр байрлах Номин оров. Тэр дэлгүүрт байдаг тэрэг их сонин. Түүнийг би түрээд гэхүү чирээд явж байв. Гэтэл хүнс болон барааны тасгийг заагласан хэсэг орон зайд нэгэн охин бараа сурталчилж байна уу гэлтэй зогсож байна. Хол байсан болохоор сайн анзаарч харж чадаагүй. Ямартай ч доогуураа сүрхий хар трико, юбка өмссөн байсан. Хэсэг зуур хөгшин стильтэй охин бэ хэмээх зурвас бодолд буух нь тэр, гэхдээ энэ тийм ч ач холбогдолгүй. Би хэдий нүдний шил зүүдэг ч гэлээ тэр шил маань надад таархаа болиод овоо хэдэн сар болоод байгаа, өөрөөр хэлбэл хараа маань улам муудсан гэсэн үг. Тийм учраас хүний царайг барагтаа л олж харахгүй. Ялангуяа зарим тохиолдолд тэр хүн надруу хараад байна уу үгүй юу, надтай харьцаад байгаа эсэхийг олж хардаггүй нь хэцүү. Тийм нэг хэсэгхэн зурвас орж ирээд, царайг нь харалгүй хажуугаар нь зөрөхдөө бас юу худалдах гээд зогсож байна гээд ширээн дээрх барааг нь харав. Эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны төрлийн бараанууд бололтой. Зааз, гэчихээд, энэ охин надруу хараад "ахаа, ..." гээд л өнөөх бараагаа танилцуулаад, яриад эхлэх болов уу гээд ойрхон зөрөх үедээ царайруу нь хартал нэг секунд харц тулгарах нь тэр. Би ч бантсандаа өөр тийшээ хараад, урагшаагаа яван, түүний хажуугаар зөрөх нь тэр. Дахиад нэг хартал тэр охин дотроо инээмсэглэж байх юм. Намайг хараад инээсэн үү, тэгэхдээ шоолж инээсэн үү эсвэл зүгээр л сайхан инээмсэглэл байсан уу мэдэх зүйл алга.

Ямартай ч надад тэрхэн үедээ сайхан мэдрэмж төрсөн юм.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна