Хар санаа, хайр сэтгэл
Дархан хот. Бид хэд хаанаас ч юм, Дарханаас ч юм шиг Улаанбаатарруу гарч байна. Гэхдээ постон дээр саатаад, ямар нэгэн зүйл шалгуулаад байгаа бололтой. Миний бие сэтгэл нэг л тогтворгүй, тайван бус, боломж гарвал бусадтай маргалдахар бэлэн байв. Энэ их зовиурын шалтгаан нь миний зүүн/баруун гарын эрхий болон долоовор хурууны хоорондох зайд, дээд талд нь үл мэдэгдэх тамга, шивээс сийлэгдсэн явдал байлаа. Арилгахыг хүсэхэд арилахгүй, шивээс юм уу гэхээр хэтэрхий нарийн, нягт хийцтэй, өөрөөр хэлбэл шивэх боломжгүй тийм хар, ягаан хосолсон зүйл. Миний ухаан орж гарах ба ухаан балартах үеэр миний нүдэнд далдын хар хүч, сүнс сүг харагдана. Тэрхүү хар зүйл хүнээс хүний биерүү дураараа дамжиж эргэлдэнэ. Миний энэхүү шаналалыг хэн ч мэдрэхгүй, анзаарахгүй. Гэтэл гэнэт л Дарханы 16 давхарруу ээж, хамаатны ах, эгч 2-тойгоо орох гээд явж байх нь тэр. Бид уг нь 4 давхарт гарах ёстой. Гэтэл би түрүүлээд 30, 40 хэмээн бичигдсэн харанхуй, гэрэлгүй давхарт явж байх нь тэр. Нэг зүйл буруу юм шиг санагдаад, доошоо яаравчлан гүйлээ. Дотроо айдастай. Гүйж байх үеэр хэн нэгэн миний хойноос татаж, зулгаах гээд байгаа нь илт. 4 давхарт ирэхэд нөгөө хэд өөр нэгэн улсуудтай уулзалдан зогсож байгаа харагдав. Манай хуучин байранд орсон тэр нэгэн эмэгтэй нэг л биш ёозгүй, хүйтэн инээвхийлэн харагдав, магадгүй өнөөх далдын хар хүч нь тэр эмэгтэйн биед ороогүй байгаа?
Улаанбаатар хот. Хурал зөвлөгөөн болж байна. Гэхдээ миний үеийн олон залуусыг хэдэн ширээнд хуваан суулгачихаж. Миний баруун талд суух нэгэн 10-р ангийн сурагч залуу. Өөрийгөө загвар өмсдөг, түүндээ дасч эхэлж байгаа хэмээн эелдэгээр танилцуулав. Гэтэл түүний гаран дээр минийхтэй адил тамга харагдаж байх нь тэр. Гэхдээ арай өөр хийцтэй, хав хар өнгөтэй байв. Өөрийнх нь хэлснээр тэр зүйл мөн л гэнэт гараад ирсэн гэх. Миний хажууд манай ажлын газрын нэг эмэгтэй, бас өөр танихгүй 2 ч эмэгтэй байна. Хөөрхөн охидуудтай цуг суучихжээ хэмээн бодож амжсан уу үгүй юу, мэдэхгүй. Бидний ийнхүү цугласан шалтгаан нь бидэнд миний гар дээрх шиг нэг адил асуудал тулгарсан бололтой. Гэхдээ тэр тамга зөвхөн гаран дээр биш, биеийн ил далд олон хэсэгт шивэгдсэн бололтой. Бидний хурал төгсөөд, гар барилцан салах ёс гүйцэтгэх үеэр маргааш өдрөөс эхлэн энд ирсэн хүмүүс нэг нэгээрээ сураггүй алга болох, үхэх юм шиг зөн миний толгойд буусан юм. Одоо ийнхүү үхлээ хүлээгээд, айдастай байж байх гэж үү? Нэг л мэдэхэд би тэр зааланд ганцаараа шахуу үлджээ, ихэнх улсууд гараад явчихаж. Өөдөөс цагаан, саарал хувцастай хэдэн залуус ирж байгаа харагдав. Зарим нь манай 10 жилийн ангийн таньдаг улс байна. Анзаарваас цэвэрлэгээний гэлтэй биеийн хүчний ажил хийж байгаа бололтой. "Долгион, Хүрэлчулууны Долгион, мэдээгээр аав чинь гарч байна лээ, хээл хахуулын хэрэгт холбогдсон" гээд л хоорондоо инээвхийлэн ярьцгаана. Би ч тоосонгүй, тэднээс аль болох зугтахыг бодож байв. Манай ширээнд цугтаа сууж байсан 1 залуу, 2 билүү 3 охин дахин тааралдаад, хоорондоо багахан хугацаанд ярьж байгаад, шатаар доош буух үеэр би сэрсэн хэрэг.
Өдөр үзсэн кино, бас зөрж өнгөрсөн хүмүүсийн царай, зарим айдсаа хольж солиод ийнхүү зүүдэлсэн минь энэ байлаа.
Comments
Post a Comment