Хоол хийх мэдрэмж
Би хоол хийх дуртай ч хүн, дургүй ч хүн. Яг тухайн үед гэдэс цатгалан байвал хоол хийхийг хүсэхгүй, мөн яг тухайн үед өлсөж байвал хоол хийх дуртай хүн эсвэл хэн нэгэнд зориулж хоол хийх үедээ "дуртай" хүн болдог.
Хоол хийхэд учир бий. Миний бодлоор жаахан өлсгөлөн байх үедээ хоолыг хийвэл амт, чанарыг нь илүү тохируулж чаддаг юм шиг. Эсрэгээрээ чихэр хүлхэж байх үедээ хийвэл магадгүй хамгийн багадаа давсыг нь ихэсгэх, багасгах тохиолдол гарна. Тийм ч учраас би гэртээ өдөр бүр хоол хийж чаддаггүй байх. Энэ нь залхууралтай холбоотой, мөн дээр дурдсан хүчин зүйлүүдээс ч хамааралтай.
Миний хамгийн сайн хийдэг хоол бол будаатай хуурга, гурилтай, гоймонтой, будаатай шөл, хамгийн сүүлд нь цуйван л байна даа. Яагаад ч юм хүн зөвхөн өөрийн гараар хийсэн хоолонд дуртай байдаг юм шиг. Мэдээж, бага байхад айлын хоол л илүү амттай санагддаг байсан мэдрэмж одоог хүртэл байдаг. Ер нь давс, тос багатай хоол хийхийг илүүд үздэг шүү. Эрүүл хооллолт энэ тэр гэж би ярих дургүй ээ, энэ тал дээр сүртэй зарчим ч баримтлаад байдаггүй юм, зүгээр л сурчихаж. Миний бодлоор манай ээж цуйванг их гоё хийдэг, аав болохоор шөлтэй хоол, цуйван, будаатай хуургаас авахуулаад гуляш гээд ихэнх хоолыг дажгүй сайн хийчихдэг юм. Би бас тэднээс бага сага юм өвлөж авсан гэсэндээ эхэнд дурдсан цөөн нэр төрлийн хоолнуудыг амттай хийж чаддаг гэж боддог.
Бас нэгэн бодлоо хэлэхэд, эмэгтэй хүн, ирээдүйд гэрийн эзэгтэй болох хүн хоол сайн хийж чаддаг байх хэрэгтэй. Эрэгтэй хүнийг хоолоор татдаг гэж хэн нэгэн нь зүгээр ч нэг хоосон хэлээгүй байх. Үүнтэй би санал нэгдэнэ шүү. Сүүлийн үеийн охидууд гэж буруу хэлээд юу гэхэв, ер нь залуу охидууд хоол бэлтгэхдээ муу байх нь бий, манай ээж ч өөрөө "би цагтаа юу ч хийж чаддаггүй байсан" гэсэн нь бий, гэхдээ би үүнд итгэхгүй байна. Гоё хоол хийж сурахад суурь байх хэрэгтэй шүү дээ, цэвэрч байхаас эхлүүлээд эрүүл, чанартай хүнс хэрэглэх ухаан, зөв дарааллаар хоолыг бэлтгэх, амтлах мэдрэмжтэй байх гээд л үргэлжилнэ.
Сонин юм хэлэхэд, би хоолонд амтыг чухалчилдаггүй, хоол хийх явц цэвэрхэн байх ёстойг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл, хоол хийж буй хүн гараа угаасан, төмс, ногоогоо цэвэрлэж угаасан, хутга, гамбанзаа цэвэрлэсэн, хоолны саваа маш сайн цэвэрлэсэн байх ёстой. Цэвэрлэсэн гэдэг нь үнэр шингэчихсэн, дутуу угаагдаад, дээр нь хатаад наалдчихсан хоолны үлдэгдэлтэй эд зүйлээс хол зөрүүтэй илэрхийлэл юм шүү. Дахин хэлэхэд, маш цэвэр байх ёстой. Би ч өөрөө ийм зарчмаар хоолоо бэлтгэдэг. Бас хэн нэгнээр туслуулах дургүй. Би эхлүүлсэн л бол хоол бэлэн болоод таваглах хүртэлх бүгдийг би гүйцэлдүүлэх ёстой.
Хоол хийх мэдрэмж жаахан өлсгөлөн хүнд л хамгийн сайхан нь байх.
Comments
Post a Comment