Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй: Ганц бие амьдрал

2 жилийн өмнө ийм зүйл бичиж байсан юм байна. Ийнхүү шинэ блогтоо хуулж оруулав.

Үүр цайж байна, за босоё доо, босч нүүр, гар, үс, толгойгоо угааж өөрийгөө бэлтгээд, эртхэн ажилдаа явах минь. Өнөөдөр Баасан гараг, өмсөх хувцасны сонголт: Хар хослол, цагаан цамц, хар ногоон ганган зангиа, үсээ гелдээд, сахлаа авчихна. Өглөөний цайндаа өчигдөр хийж үлдээсэн будаатай хуургаа халаачихна, дуртай хар цайгаа чанахаа бас мартаж болохгүй.

Аз жаргалтай залуу

Цайгаа уунгаа Фэйсбүүк, мэйл хаягаа шалгана. Зурагтаар өчигдөр сонсож амжаагүй сонирхолтой мэдээ гарна, давхар сонсоно. Өө золиг гэж, өглөө эрт 30 минут гадуур гүйхээ мартчихаж, за яахав маргааш хагас сайн өдөр ч гэсэн өглөө эрт гүйнээ, нөхөөд гүйчихнэ хэмээн дотроо бодно.

Фитнесд яваад жил гаран болчихсон, бас суугаа ажил хийгээд, хоол, амттан их идсээр жин нэмчихсэн учир дажгүй сайхан бие хаатай болжээ би. За тэр өөрөөрөө бахархах яахав, ажилдаа гарч үзье.

Байрны доор гаражинд хагас жилийн өмнө шив шинээр нь авсан, сүүлийн загварын Volkswagen Passat. Золиг гэж, сүртэй харагдаж байна шүү, үүнийг минийх гэж бодохоор өөрөөрөө бахархахаас яахав. Ажил хүртэл машинаар явахад дунжаар 20-оод минут болдог тул 3 дуу сонсчихож чадах л юм байна. Тиймээ, дууны эхний сонголт бол, Babymetal Megitsune. Өөр гоё гоё дуу байгаа ч яг одоо санаанд бууж байгаа нь энэ учир үүнийг сонсоод өглөөг эрч хүчтэй үргэлжлүүлнээ.

Ажлынхаа гадаа машинаа байрлууллаа. Машинаа түгжчихээд оффисын үүдрүү эргэх зуур нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй надтай харц мөргөлдүүлэн өнгөрнө. Тиймээ, би түүнд таалагдаж байна, тэр ч гэсэн надад таалагдаж байна. Гэхдээ би түрүүлж хөдлөхгүй шүү.

Сайхан амарцгаасан уу. Би сайхаан. За байз, өнөөдөр Баасан гараг. Баасан гарагт амжуулах ёстой ажил юу билээ, Гүүгл Календараа шалгана.

Оффисын байранд холхиж, өрөөндөө компьютерийн өмнө суусаар. Ажил үргэлжилсээр. Цаг 16:40 минут. Ажлын цаг дуусах дөхөж байх чинь ээ, хийх ёстой ажил маань ч ерөнхийдөө төлөвлөгөөний дагуу болчихлоо. Фэйсбүүкээ шалгана. Хэдэн найзууд орой нэг газар уулзая гэнэ, мэдээж зөвшөөрөлгүй яахав, ганц бие сайхан залуу байхад.

Тавуулаа орой товлосон цагтаа, товлосон газраа цугларлаа. Яахуу л гэж байна, хэдэн даруухан нөхдүүд дандаа л караокеднэ, өнөөдөр club ороёлдоо хэмээн бүгд санал нийлэв. Золиг гэж, Метрополис ороогүй яасан олон жил болоо вэ, сайхан газар хэвээрээ л байгаа юм байна. Алив нэг ширээ захиалая. Хөгжмийн нүргээнд хоорондоо пиво уунгаа хэдэн үг солилцоно. Одоо бүжиглэх цаг. DJ Justin Bieber-ийн Confidence тавьж байх юм. Бид хэд бүжиглэлээ. Хөөрхөн охид, залуучууд их харагдах юм. Жаахан халчихсаныг ч хэлэх үү, их зоригтой болчихсон ч юм шиг, ямар ч эмэгтэйтэй чөлөөтэй харьцаж чадахаар болчихсон ч юм шиг санагдана. Хмм, аль түрүүнээс хойш нэгэн эмэгтэй бүжиглэнгээ надруу хальт хальт хараад байх юм, би бүгдийг нь анзаарсан.

Дөхөж очлоо, цуг бүжиглэлээ, инээлдлээ. 2, 3 дуун дээр цуг бүжиглэсний дараа үг солих завшаан тохиолдов, яриа ч сайхан нийлэв, бид бие биенээ дэмжиж байв. Бид хоёрыг ийнхүү бүжгийн тайзан дээр инээлдэн бүжиглэж байхыг нөгөө 4 хараад инээлдэж байхыг би бас юу гэж анзаарахгүй байхав. Эцэст нь эмэгтэйг дагуулаад, машиндаа суулгаад, дахин үргэлжлүүлээд жаахан ярилцлаа. Миний бие халчихсан ч гэсэн согтоогүй учир контролоо барьсаар, тэр эмэгтэй ч яахав эв эрүүл байгаа нь анзаарагдана. Гэхдээ надад мэдрэгдсэн анхны мэдрэмж нь түүнийг миний таалдаг эмэгтэйчүүдийн нэг мөн болохыг баталж байлаа. Үзэсгэлэнтэй царай, сайхан бие, төлөв даруу зан, бас мөчөөгөө өгөхгүй ярих чадвар, харваас тийм ч муу, гэнэн, “сурчихсан” эмэгтэй биш бололтойдог. Би боловсон эрийн зан гарган, түүнтэй машиндаа түрхэн зуур ярилцсаны эцэст гэрт нь хүргэж өгөхөөр болов. Гэрийнх нь үүдэнд очоод бас дахиад л хэсэг зуур бие биенийхээ талаар асууж, ярилцлаа. Ингээд хамгийн сүүлд ямартай ч дугаарыг нь би өөртөө авч чадсан юм. Би ч гэсэн өөрийн өвөрмөц хийцтэй, “… группын Хуулийн зөвлөх” хаягтай нэрийн хуудсыг түүнд өгсөн юм. Харваас би түүнд таалагдаж байгаа нь илэрхий.

Шөнө дунд нэг юм гэртээ орлоо, жаахан юм идэж, уучихаад унтахаар хэвтлээ. Хэвтэж байх зуураа тэр эмэгтэйг дотроо бодсоор л. Магадгүй заяаны хань минь ч юм билүү гээд эхнэрээ болгочихсон байна, цуг амьдарч байна хэмээн элдэвийг төсөөлж, өөрийгөө хөөргөнө. Ингэсээр нэг мэдэхэд нам унтжээ хөөрхий.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна