Алаагүй баавгайн арьс
Алаагүй баавгайн арьс юу яасан билээ, эсвэл төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр миний эргэн тойрны зарим улсууд энэ удаагийн сонгуульд Монгол ардын нам давамгайлж, олон суудал авч байгаатай холбогдуулан тэр хүнд ингэж хэлнэ, тэгэхээр нь би тэгж хариу хэлнэ, ажил асууна гээд л хар залуугаасаа бусдын ул, бөгсийг долоох үйл хэрэгт бахархалтайгаар орж байгааг анзаарсан надад нэг тийм харамсалтай сэтгэгдэл төрлөө.
Бид үргэлж шударга бус байдлын талаар ярьдаг хэрнээ цаг нь тулахаар яагаад өөрсдөө тэр зүйлийнхээ нэг хэсэг нь болж, хутгалдаад байдаг юм бэ? Муу явахаараа бурууг бусдад тохдог, шударга бус байдлаар амжилтанд хүрэхээрээ түүнийгээ зөвтгөж, "чадаж байгаа юманд арга байхгүй" хэмээн илэрхийлэх гэдэг сэтгэхүйтэй хүмүүс бидний дунд бага гэлтгүй бий болжээ.
Залуу хүн байж нам дагавал ам тосдоно гэдэг үгэнд итгэчихсэн, өөртөө бус бусдад найдаж, ирээдүйгээ тодорхойлдог ядуу сэтгэхүй бидэнд байх ёсгүй. Улс төр бол новш, түүнээс хол бай гэх гэсэнгүй. Гэхдээ өөрийн хувийн амьдралыг МАНАН-тай дэндүү ихээр холбоод байгаа юм биш үү. Ийм буруу ойлголт ганцхан тэр хүнд ч биш, түүний гэр бүл, эргэн тойрон, дүү хүмүүст муу үлгэр дууриалал болж, улмаар буруу зүйл нь зөв болон хэвшсэн өнөөгийн гаж тогтоц цаашид ч манай улсад үргэлжилсээр байх шалтгаан нь байх болно шүү дээ.
Comments
Post a Comment