Ажил, амьдрал, гэр бүл

Цаадах чинь сүүлийн үед амьдралын талаар ихэд эргэцүүлж боддог болсон. Ер нь ихэвчлэн тэгээд өөрийнхөө одоогийн нөхцөл байдлын тухай, ирээдүйн тухай. Магадгүй хүмүүс намайг хулчгар аймхай гэх байх. Учир нь би хааяа мөнхөд хүүхдээрээ байх юмсан, хүүхэд насандаа эргэж очих юмсан гэж хүсдэг. Гэвч энэ нь мэдээж боломжгүй зүйл шүү дээ. Тиймээс насанд хүрсэн би "ирээдүйн", "нийгмийн өмнө өндөр хариуцлага хүлээсэн" амьдралаас зугтах аргагүй, тэмцэх хэрэгтэй болно.

1-2 сарын хугацаанд хамгаас хайртай хүнтэйгээ, эсвэл хүмүүстэйгээ цуг олон орноор, эрх чөлөөтэй, санаа зовох зүйлгүйгээр, дураараа аялаж байна гээд дотроо төсөөлдөө.

Хүн бүр өөр өөрийн гэсэн амьдралын арга барилтай. Жишээ нь өнөөдрийн би ихэд бодно, ямар нэгэн алдартай, амжилтанд хүрсэн хүмүүсийн яриа лекцийг сонсоно, дуу хөгжим сонсоно, бас аав, ээж, дүү гэсэн хүмүүс хоорондын, одоогийн гэр бүлийнхээ харилцааг ямар нэгэн үл ойлголцолгүй, эрүүл байлгахыг илүүд үздэг. Ийм байхад өөр илүү зүйлд надад санаа зовж, сэтгэл шаналах зүйл үгүйн дээр ирээдүйгээ цогцлоох ажилд эхнээс нь ханцуй шамлан ороод ажиллахад урамтай байх болно шүү дээ.

Хүний амьдралд АЖИЛ гэдэг их чухал байр суурь эзэлдэг юм шиг байгаа юм. Зарим хүмүүс хоббигоо ажил болгоод жаргалтай сайхан амьдарч байна, зарим нь зөвхөн хоногийн хоолоо залгуулах гэдэг шиг мөнгө олохын төлөө ямар ч хамаагүй ажил хийдэг. Мэдээж хичээвэл аль альных нь ард амжилт, амжилт дагаж нэр хүнд, үнэ цэн, бас цалин мөнгө байдаг. Гарцаагүй нэг зүйл нь гэвэл мөнгөний төлөө л бид ажилладаг. Хоббигоо ажил болгосон хүмүүс харин азтай, гэхдээ тэд ялгаагүй мөнгө олохын төлөө л дуртай бизнесээ эрхэлж байгаа, бас амьдралаа утга учиртай болгохын төлөө ажилладаг. Хангалттай мөнгө хөрөнгөтэй байсан ч гэсэн ажил эрхлэхгүй байна гэхээр сонин санагддаг юм. Яахав эхэндээ бидэн шиг ажилд дарагдсан улсуудад сайхан санагдаж мэдэх юм. Гэхдээ л жишээ нь эцэг хүн өглөө ажилдаа гарч яваад л, орой ирэхдээ эхнэр хүүхдүүд дээрээ жижигхэн ч атугай бэлэг, амттантай ирээд, эхнэрийнхээ хийсэн хоолыг идэж, хүүхэдтэйгээ аливааг ярилцаж, хамтдаа зурагт үзэж зугаацах нь амьдралыг утга учиртай болгодог юм шиг. Ийм амьдралтай гэр бүл жаргалтай сайхан байхгүй гэж үү? Тэгэхээр хүний эрхэлж буй ажил нь тэр хүний амьдрал, гэр бүлийн нөхцөл байдалтай нягт уялдаа холбоотой байх нь. Чиний ажил сайн байвал чи жаргалтай, бас амжилттай, түүнийг дагаж хувийн амьдрал, гэр бүл чинь хүртэл сайхан байна. Нөгөө талаас хичнээн чи ажилдаа дургүй байлаа ч нэгэнт бий болгочихсон ард байх гэр бүлээ өөд нь татахын төлөө өдөр шөнөгүй ажилладаг гэж бодоё. Гэвч чиний эрүүл мэнд яах вэ, чи юунд найдаж, өөрийгөө золиослон байж ингэж амьдарна вэ? Хүүхдээ хүн шиг хүн болгоод, хөгшин болсон хойноо буянаа эдлэе гэж үү? Чи тэгээд өөрийнхөө энэ насны амьдралын 3/2-г золиосолно гэж үү? Надад лав харамсалтай санагдаж байна.

Аа гэхдээ нөгөө талаас ажил ажил гээд байх нь бас хаашаа юм.

Би иймэрхүү шүү, нэгийг нь бодохоор зөв ч юм шиг, нөгөөг нь бодохоор буруу ч юм шиг эргэлзэх зүйлд их ордог.

Чиний амьдрал, гэр бүл сайн сайхан байхад бас хайр сэтгэл, эрүүл сайхан харилцаа, боловсрол, мөнгө санхүү бас ч үгүй чухал үүрэгтэй, үүнтэй би хэзээ ч, хэнтэй ч маргалдахгүй. Тэгэхээр аль алийг нь тэнцвэртэй, мэдээж аль болох дээд түвшинд, амжилттай сайхан авч явах л хэрэгтэй. Ингэхэд тухайн хувь хүний эзэмшсэн боловсрол, олж авсан хүмүүжил хамгийн түрүүнд чухал нөлөө үзүүлэх болов уу.

ДҮГНЭЛТ: Хүмүүжилтэй бай, Эцэг эх, гэр бүлээ хүндэтгэн хайрла, Боловсор, Дахин боловсор, Амьдралдаа байнга баримталж болох өөрийн зарчимтай бай, Дуртай ажлаа эрхэл, байхгүй бол олж авах, Гэр бүлээ зөв төлөвлө, Жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг бий болго, Хүнийг чин сэтгэлээсээ хайрла, Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, Эх орондоо хувь нэмэр оруул.

Бусдад зааварлаж байгаа юм биш шүү, энэ өдөр миний толгойд эргэлдэж байсан олон санаа бодлын нэгээхэн хэсгийг энд тухайн үед нь буулгасан юм.

Comments

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна